“Мон бийф” компанийн шинээр гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэллээ. Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг ажлын таван өдөр буюу ирэх 12-ныг дуустал 10.00-17.00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар болжээ. Тус компанид Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны зургадугаар сарын 22-ны 350 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын өнгөрсөн зургадугаар сарын 17-ны А/59 тоот тушаалаар хувьцаа гаргах зөвшөөрөл олгосон юм. “Мон бийф” компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64 285 700 ширхгийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгон арилжина. Улмаар нийт 2 892 856 500 төгрөг татан төвлөрүүлж, энэхүү хөрөнгийг үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмжийн худалдан авалтад зарцуулахаар төлөвлөсөн байна. Анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд хувь тэнцүүлэх аж. Ингэхдээ 10 мянга болон түүнээс доош тоо ширхэг бүхий захиалга бүрийг хувь тэнцүүлэхгүйгээр биелүүлэх гэнэ.