Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээ энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Үүний хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, 14 орны 54 монгол судлаач оролцож буй бөгөөд үндсэн хуралдааныг өнгөрсөн бямба гарагт Төрийн ордонд хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээн, үг хэллээ. Тэрбээр Монголын төрийн бодлогын цөмд монгол судлал чухал байр суурь эзэлж ирснийг дурдаад, үүний тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, өв соёлыг нь сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгаснаа онцолсон юм. Улмаар Чингис хаан судлалын олон улсын хурлыг гурван жил тутамд нэг удаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг санал болгов.
Эрдэм шинжилгээний хуралд Монголын түүх, угсаатан, хэл, уран зохиол судлал, монголчуудын соёлын болон гадаад ертөнц, өв, археологийн судалгаа сэдвээр таван салбар хуралдаан хийж, 155 илтгэл хэлэлцүүлэх юм. Гурван өдөр үргэлжилж буй эл хурал өнөөдөр өндөрлөх бөгөөд олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлсний нэг нь Чингис хааны мэндэлсэн оныг дахин нягталсан явдал байв. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Ц.Цэрэндоржтой цөөн хором ярилцлаа.
-Та илтгэлээрээ та ямар асуудлыг дэвшүүлсэн бэ?
-Их Эзэн Чингис хааны мэндэлсэн он, сар, өдрийг сурвалж бичгүүдэд янз бүрээр тэмдэглэдэг. Тиймээс ч эрдэмтэн, судлаачдын дунд нэг мөр болгоогүй, маргаантай асуудлууд бий. Ер нь сурвалж бичгүүдэд Чингис хаан мэндэлсэн оны талаарх үндсэн гурван тэмдэглэл байдаг. Нэгдүгээрт, хар морин жил буюу 1162 онд мэндэлснийг Монголын түүхийн бүх сурвалжид санал нэгтэй бичиж үлдээсэн. Мөн хятад хэл дээрх “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Юань улсын судар” зэрэг сурвалжид бий. Өөрөөр хэлбэл, монгол, хятад хэл дээрх эх сурвалжуудад 1162 онд мэндэлсэн гэж дурддаг. Хоёрдугаарт, Рашид ад-Дин тэргүүтэй түүхчдийн багийнхны 1300-гаад оны үед зохиосон, перс хэл дээрх “Судрын чуулган” бүтээлд гахай жил буюу 1155 онд төрөөд, 1227 оны гахай жилд 72 настайдаа нас барсан гэж бичсэн. Үүнд нэлээд эртнээс авхуулаад олон орны эрдэмтэн эргэлзэж ирсэн байдаг. Монгол, хятад сурвалжид морин жил гэж тэмдэглэсэн байхад яагаад гахай жил гэж үзэв. Исламын шашинтнуудын хувьд гахайг дорд үздэг. Махыг нь хүртэл иддэггүй шүү дээ. Чингис хааныг зориуд гахай жилд төрсөн болгосон юм биш биз гэсэн эргэлзээ энэ мэтээс үүссэн гэж хэлж болно. Гуравдугаарт, хятад хэл дээрх “Монгол, Татарын бүрэн тэмдэглэл”-д 1154 оны нохой жилд төрсөн гэдэг. Сүүлийн хоёрыг ерөнхийд нь нийлүүлээд 1154-1155 оны үед төрсөн байх гэж үздэг юм. Үүнд би илтгэлээрээ хариу өгөх гэж оролдлоо.
-Та ямар хариулт өгөв?
-1162 онд төрсөн гэдэг нь илүү баталгаатай юм гэсэн дүгнэлтэд хоёр үндэслэлээр хүрсэн. Нэгдүгээрт, “Судрын чуулган”-д мэндэлсэн өдрийг нь зориуд долоон жилээр урагшлуулж бичсэн гэж таамаглаж байгаа юм. Учир нь Рашид ад-Дин зохиолдоо Чингис хааны 41 нас хүртэлх намтар, үйл ажиллагааг он цагтай нь нарийн тодорхой мэдэхгүй, боломжгүй хэмээн тэмдэглэсэн байдаг. Ингээд бага наснаас авхуулаад 41 нас хүртэлх үйл явдлыг ерөнхийд нь багцалж бичээд, үүнээс цааш буюу 1196 оноос хойших зүйлсийг их тодорхой мэтээр тэмдэглэсэн. Гэтэл 1260-аад оны үед түрүүч нь бичигдсэн “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Юань улсын судар” зэрэг сурвалж болон “Монголын нууц товчоо”-нд Чингис хааны намтар, үйл ажиллагааг 40-41 наснаас тодорхой, онтой нь дурдсан байдаг. Жишээ нь, “Монголын нууц товчоо”-нд 1201 оны тахиа, бусад эх сурвалжид 1202 оны нохой жилээс эхлээд он дарааллаар үйл явдлыг тодорхой өгүүлсэн нь бий. Рашид ад-Дин “Монголын нууц товчоо”, түүний эх болсон хятад сурвалжуудыг зохиолдоо ашигласан нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээрт Чингис хааны замналыг 40, 41 наснаас илүү тодорхой тэмдэглэснийг Рашид ад-Дин мэдэж байсан гэсэн үг. Тэгсэн мөртлөө төрсөн оныг нь зориуд урагшлуулсан учраас энэ завсар үүсэж буй долоон жилийн амьдралыг дүүргэх хэрэгтэй болно шүү дээ. Ингэхдээ “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” тэргүүтэй сурвалж дахь 1201 оноос хойших үйл явдлуудаас заримыг нь урагш оруулж зохиох маягаар бичсэн гэж таамаглаж байгаа юм. Нэгэнт л мэдэхгүй юм чинь монгол, хятад сурвалжуудад ингэж бичих шаардлага байхгүй.
Хоёрдугаарт, “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Судрын чуулган” гэсэн гурван өөр хэл дээрх зохиол бол Монголын эзэнт гүрний түүхийн гол сурвалж болдог. Эдгээрээс Чингис хааныг амьд сэрүүн, хүүхдүүдийнх нь үед илүү ойр бичигдсэн нь 1240 оны “Монголын нууц товчоо”. Чингис хаан мэндэлсэн талаарх мэдээ, сурвалж энд байдаггүй ч дээр дурдсан хятад зохиолуудад тодорхой бий. Үүнээс үүдэж “Судрын чуулган” нь нэлээд сүүлд бичигдсэн, дам яриануудыг нийлүүлж, чуулбар болгосон гэж таамаглаж байгаа юм. Ер нь “Монголын нууц товчоо” болон “Судрын чуулган”-нд үйл явдлын он дарааллыг баримталсан байдал нь өөр. “Монголын нууц товчоо” нь хавьгүй цэгцтэй. Гэтэл “Судрын чуулган”-д зарим үйл явдлыг хоёр янзаар бичсэн байдаг. Хүний насыг хүртэл нэг бол 40-өөд настайдаа нас барсан, эсвэл 20-иод настайдаа мөнх бусыг үзүүлсэн гэж зөрүүтэй бичсэн нь бий. Энэ мэт алдаа мадаг их учраас “Монголын нууц товчоо” нь илүү баталгаатай гэж хэлэх эхний үндэслэл болгож байгаа юм.
Нөгөө талаас хэрэв Чингис хааныг 1155 онд төрсөн гэж үзвэл бусад хүний намтар, үйл явдалтай хэрхэн таарч, уялдаж байна вэ гэдгийг харах нь чухал. Эндээс хэд хэдэн зүйл илэрдэг. Тухайлбал, 1155 онд мэндэлсэн гэж үзвэл Чингис хаан, Бөртэ үжин хоёр анхны хүүхдээ маш орой буюу бараг 27 нас хүрч байж гаргасан болж таарна. Тэд есөн хүүхэдтэй. Хүүхдүүдээ нэг, нэг жилийн зайтай төрүүлсэн гэж үзвэл нас нь 40 гарчихаж байгаа юм. Энэ нь тухайн үеийн болон өнөөгийн хүний бие физиологитой хэр нийцэх вэ гэдэг талаас харвал яах аргагүй эргэлзээ төрүүлнэ. Тухайн үеийн монголчууд 17, 18 насандаа гэрлэдэг байсан гэж үзвэл өчнөөн жил хүүхэдгүй байсны эцэст жил дараалан олон төрөх нь хэр бодитой бол. Мөн Өэлүн эхийг “Монголын нууц товчоо”-нд Тэмүүжин, Хасар хоёрын зөрчилдөөнөөс болж санаа нь зовж, хурдан өтөлсөн хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг 1155 онд төрүүлсэн гэж үзвэл 70 гаруй настай байх Өэлүн эхийг илүү өтөллөө гэж бичих нь хэр зохистой вэ гэх зэргээр эргэлзээ төрүүлж байгаа юм. Эдгээр бүх нотолгоонд үндэслэн Чингис хааныг 1162 онд төрсөн, өдгөө мэндэлснийх нь 860 жилийн ойг тэмдэглэж байгаа нь илүү үнэн юм байна гэж үзсэн.
-Хэлэлцүүлгийн үеэр судлаачид өөр санал дэвшүүлэв үү?
-Миний таамаглалыг эсэргүүцсэн, бүхэлд нь үгүйсгэсэн санал гараагүй.
-Бид Чингис хааны мэндэлсэн өдрийг Үндэсний бахархлын өдөр хэмээн нэрлэж, 2012 оноос хойш тэмдэглэж байна. Үүний ач холбогдлыг юу гэж хэлэх вэ?
-Түүх үнэн байх ёстой. Монгол түмний бахархал болсон хүнийхээ мэндэлсэн он, сар, өдрийг аль болох үнэн тогтоох нь ач холбогдолтой. Монголын эрдэмтэд олон жилийн өмнөөс энэ өдөр, сар, оныг баримталж ирсэн. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж үзээд Монгол бахархлын өдрийг бий болгон, тэмдэглэж байгаа нь манай эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгаанд үндэслэснийг хэлэх хэрэгтэй болов уу.
-Чингис хааны мэндэлсэн өдрийн талаар ч тусгайлан илтгэл болгон хэлэлцүүлсэн. Та энэ талаар судалж байв уу?
-Сонирхож байснаас бус, өөрийн гэсэн санал дэвшүүлж, нарийн судлаагүй.