Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 20 гаруй хувьцаат компани энэ сарын турш 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулахаар болжээ. Тайлан танилцуулах арга хэмжээг өчигдөр “Инвескор ББСБ” компани эхлүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд үнэт цаасны компаниудын төлөөлөл, судлаач, шинжээчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой аж.
Үүнд оролцсоноор тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлуудтай танилцаж болохоос гадна хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнтэй мэдээллүүдийг сонсох боломжтой гэж Монголын хөрөнгийн биржийнхэн тодотгож байна. Уг арга хэмжээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өөрийн биеэр оролцож болохоос гадна Монголын хөрөнгийн биржийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан үзэх боломжтой гэнэ.