Монгол улсад үүссэн өр, зээл, бондын асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтуудыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг миний бие ахална.
Манай улс ойрын гурван жилийн хугацаанд деполт зарлах аюулаас хол байна. Бид зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдсэн нь хэр сайн ажиллаж буйг харуулж байгаа юм. Монгол Улс ижилхэн зах зээлтэй орнуудаасаа нөхцөл байдал харьцангуй дээр байна. Бид деполт зарлах гэж буй мэт мууг ярих нь зохисгүй. Ийм эрсдэлгүй үед энэ сэдэв рүү олон нийтийг турхирч байгаа хүчнээс бид болгоомжлох ёстой.
Өнөөдрийг хүртэл 2012 оноос гарсан нийт долоон бондоос Чингис бонд л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Чингис бондыг л түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг дэлгэх болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод буй.
Мөн аль засгийн газрын үед зээл авч байсан болон төлж байсныг анзаарах нь зүйтэй. Бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү өрийн зарцуулалтад маш их анхаарах шаардлагатай" гэв.