Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг өнгөрсөн сарын 29-нөөс авч эхэлжээ. Нэг сарын хугацаанд авах юм байна. Монгол Улс Ази тивд анх удаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай боллоо хэмээн тухайн үед онцолж байлаа. Мэдээж энэ нь Монголын ардчилал, хүний эрхийг хангах чиглэлд том дэвшил болсныг үгүйсгэх аргагүй ч хүний эрхийн төлөө зүтгэгчдийг бодитой хамгаалж, дэмжиж чадах, эсэхэд Хүний эрх хамгаалагчийн хорооныхон хамгийн чухал үүрэгтэй. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын хэдэн гишүүн зөвлөмж өгсөн болоод өнгөрдөг, түүнийг нь тоодоггүй, биелүүлдэггүй байдалд зарчмын өөрчлөлт авчраасай хэмээн найдаж байна. Тэгээд ч Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталж, хүний эрхийг хамгаалагчдаа хамгаалах механизмтай болохыг олон улсын байгууллагуудаас удаа дараа зөвлөж ирсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хангах, тэднийг хамгаалахын төлөө явж буй хүмүүст ээлтэй байж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Энгийн жишээ хэлэхэд, тайван жагсаал, цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн олон нийт, цагдаа хоёрын дунд ямар дайсагнасан, хүчирхийлэл давамгайлсан харилцаа үүсдэгийг бид бэлхнээ мэднэ, манайд энгийн дүр зураг болсон гэхэд хилсдэхгүй.
УИХ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн онд батлан, хэрэгжүүлж буй. Уг хуулийн дагуу ХЭҮК-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороог байгуулах ёстой бөгөөд жил гаруйн дараа, одоо эхэлж байгаа нь энэ. Мөн Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүдийг сонгон шалгаруулах журмын төслийг ХЭҮК-ын албан ёсны цахим хуудсанд байршуулан, олон нийтээс саналыг нь авсан аж. Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах журам, тус хорооны эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, дүгнэлт гаргах болон тус хорооны гишүүнд урамшуулал олгох журмыг батлахаар заасан. Эдгээр журамласан харилцааг боловсруулах ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ч ХЭҮК-оос зарласан байна лээ. Энэ сарын 5 буюу ирэх баасан гараг гэхэд дээрх шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагуудаас материалыг нь хүлээн авах юм байна.
10.3.1.хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;
10.3.2.гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;
10.3.3.хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, энэ хуулийн 11.8-д заасан эрсдэлийн үнэлгээ хийх;
10.3.4.эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг ХЭҮК-т хүргүүлэх;
10.3.5.энэ хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд жил бүр тусгуулах;
10.3.6.гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх, дарамт шахалтад өртөх явдлаас тэднийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн үндэс бүрдсэнийг хууль тогтоогчид олонтоо онцолсон. Тэгвэл тэдний баталсан хууль, хэлсэн үгийг бодитой ажил хэрэг болгох томоохон хөшүүрэг гэгдэж буй Хүний эрх хамгаалагчийн хороог байгуулах ажил хожуу ч болов ийнхүү эхэллээ.
Товчхондоо тус хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн, эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх ёстой. Гэхдээ Хүний эрх хамгаалагчийн хороо нь чиг үүргийн хүрээнд хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, тэдэнд тулгардаг аюул, эрсдэл, саад бэрхшээлийг арилгах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр өргөн цар хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь. Мөн энэ хороо нь орон тооны бус байх ч үйл ажиллагаагаа бие даан явуулахаар хуульчилсан юм. Тухайлбал, хүний эрх хамгаалагчдад дарамт ирвэл эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлж, шаардлагатай бол хамгаалах арга хэмжээ авхуулж, хариуцлага тооцуулахаар ажиллах нь Хүний эрх хамгаалагчийн хорооныхны үүрэг. Ингэхдээ хүний эрх хамгаалагчид төдийгүй тэдний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчид учирч байгаа аюул, эрсдэлийн түвшнийг тодорхойлсон дүгнэлт гаргаж, ХЭҮК-т хүргүүлэх эрхтэй.
Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Дарга нь ХЭҮК дахь хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн байх бөгөөд хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй. ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнээр УИХ С.Дондовыг томилж, тэрбээр өнгөрсөн зургадугаар сард үүрэгт ажлаа хүлээн аваад буй. Иймд Хүний эрх хамгаалагчийн хороог ХЭҮК-ын гишүүн С.Дондов даргална гэсэн үг. Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг томилсноор ХЭҮК зургаан гишүүнтэй болж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдсэн билээ. ХЭҮК-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд тэд дотроосоо нэг жилийн хугацаагаар хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг зөвхөн нэг удаа сонгох ёстой. Өөрөөр хэлбэл, өдгөө хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнээр томилогдсон С.Дондов нэг жилийн дараа ХЭҮК-ын өөр нэг гишүүнийг сонгож, Хүний эрх хамгаалагчийн хорооны даргаар ажиллуулах бөгөөд тэр хүн нь тухайн жилдээ дээрх хорооны үйл ажиллагаа, хүний эрх хамгаалагчийн ажлыг бие даан хариуцна.
Харин тус хорооны гишүүдээс хоёрыг нь Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооноос шууд нэр дэвшүүлэх юм. Бусад дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, ХЭҮК батламжлахаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу ашгийн төлөө бус хуулийн этгээдийг төлөөлөх дөрвөн гишүүнийг сонгон шалгаруулахаар нэр дэвших хүсэлтийг нь хүлээн авч эхлээд байгаа юм. Үндсэндээ төр, бас олон нийтийн төлөөлөл бүхий хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж чадаж байна уу гэдгээр нь тэдний ажлыг дүгнэнэ гэсэн үг.
Нэр дэвшигч нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай, энэ талаарх эрх зүйн хэм хэмжээ, тогтолцооны талаар мэдлэгтэй, сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагыг хангах ёстой. Мөн нэр дэвшигч нь сэтгэцийн өвчин, эмгэггүй болохыг батлах СЭМҮТ-ийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх шаардлагатайг сонгон шалгаруулалтын зарлалд зааснаас харж болно.