Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан орчим дахь нэгэн сувилалд өнгөрсөн сард 10 хоног амарсан нэг гэр бүлийн дөрвөн гишүүн гомдолтой иржээ. Тэд хуушуур, бууз, хар шөл зэрэг хонины тарган махаар хийсэн хоол байнга идсэн ч хоолных нь нэр, төрөл цөөн, ногоо бага байж, жимс, жимсгэнэ кофе огт санал болгоогүй юм байна. Зуны улиралд, ийм хүнд хоол 10 хоног идсэн хүүхэд, насанд хүрэгчдийн гэдэс хямарч, хоолоо шингээж чадахгүйд хүрчээ. Гэрийн эзэгтэй Б.Намуун “Сувиллын газрын хоолны порц их, амт чанар сайн боловч мах, гурил, төмснөөс өөр орц бараг үгүй. Халуун, хүйтэн рашаан ууж буй хүмүүс ямар хоол идэх, эс идэх тухай зөвлөгөө байхгүй. Мөн тухайн орчинд, зуны улиралд юу идвэл зохих, нутгийн брэнд бүтээгдэхүүн юу болох талаар мэдээлэлгүй юм билээ. Хүмүүс дуртай зүйлсээ, амралтын газраас өгсөн цөөн нэрийн хоол хүнснийг идэж хэвшсэн нь учир дутагдалтай санагдсан. Ер нь орон нутагт амарч, сувилуулахад тухайн нутгийн идээ ундааны дээж, сонин содон, эсвэл эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн санал болгох хэрэгтэй байна” гэсэн юм.
Өнгөрсөн өвөл Хөвсгөл аймагт мөсний баярт оролцохоор очсон нэгэн “Хөвсгөл далайн цагаан загас алдартай учраас идье хэмээн зорьж очсон. Гэтэл загасаар үйлчилдэг зоогийн газар байтугай нөөшилснөөс нь ч ахиухныг олж авч чадаагүй. Маш их тосонд дарсан, 400 грамм орчим хэмжээтэй, нэг шил загасыг дугаарлан байж 20 000 төгрөгөөр худалдан аваад буцсан. Зүй нь Хөвсгөлд хатаасан, шарсан, нөөшилсөн бүх төрлийн загасаар үйлчилж байх ёстой биз дээ” хэмээв.
Тэгвэл 2020, 2021 онд Ховд, Баян-Өлгий аймагт аялсан Б.Базаррагчаа “Гэр бүл, хамаатан садан нийлсэн 20 орчим хүн дөрвөн автомашинаар улсынхаа хамгийн баруун хязгаарын аймаг Ховд, Баян-Өлгийд очсон. Би Японд сургууль төгсөн, цөөнгүй жил тэнд амьдарсан учраас тэндхийн зочлох үйлчилгээг биширч, хоолны соёлоос нь суралцахыг хичээж ирсэн. Япон улс хоол, цайны олон зуун жилийн уламжлалтай. Зөвхөн нэг төрлийн загас, далайн бүтээгдэхүүн идэж, цай уух зорилгоор ийш, тийш аялдаг хүмүүс олон. 200 жилийн түүхтэй хоолны газар зөвхөн ганцхан нэрийн хоолоор үйлчилж, орлого олдог. Гэтэл Ховд, Баян-Өлгийд өөрсдийн гэх нэрийн хоол бараг байгаагүй. Зуны улирал учраас Баян-Өлгийн брэнд бүтээгдэхүүн каз олдоогүй, Ховдын ургац хураалт эхлээгүйгээс шар төмс, тарвас, амтат гуа зэрэг нь гараагүй байсан. Мөн Ховд сарлаг ихтэй ч сарлагийн борц ховор, цаасан уутанд савласан, яс ихтэй, ганц кг борц 50 000 төгрөг байсан нь үнэтэй санагдсан. Бид аль ч аймгийн төвд байдаг цуйван, бууз, хуушуур л идэж аялсан. Зочлох үйлчилгээ, ялангуяа хоол үйлдвэрлэлийн салбарт анхаарал хандуулахгүйгээр аялал жуулчлалын салбарын орлогыг өсгөх хэцүү болов уу” гэсэн юм.
Манай улс өргөн уудам газартай, олон арван сая малтай, газар тариалангийн салбарыг хөгжүүлээд цөөнгүй жил өнгөрсөн ч идээ ундааны төрөл зүйл цөөн, хоол хүнсний орц найрлага бага нь үнэн. Энэ нь аялал жуулчлалын салбар шинэ тутам хөгжин, аймаг, сумдыг холбосон дэд бүтцийг шинээр байгуулж, жуулчны баазууд болон зочлох үйлчилгээний салбарынхан хөлөө олох гэж ядаж буйтай ч холбоотой. Гэхдээ улсын хэмжээнд буюу 21 аймагт цар тахлын өмнө 500 гаруй, өдгөө 200 орчим амралтын газар, жуулчны бааз, кэмп үйл ажиллагаа явуулж байхад хоол ундны сонголт тааруу, тухайн орон нутгийн мал аж ахуй, таримал бүтээгдэхүүний төрөл, онцлогийг шингээсэн идээ ундаа бараг байхгүй нь анхаарал татууштай. Дотоод, гадаадын ямар ч жуулчин, аялагчдыг хаана ч очсон хоорондоо ялгаагүй, цөөн нэрийн хоолоор дайлж, хэдхэн бүтээгдэхүүн санал болгож буй нь харамсалтай.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарын зарим багш Монгол орны бүс бүсчлэл, малын тархац, нутгийн онцлогт тохирсон идээ ундаа бэлтгэх талаар анхан шатны судалгаа хийсэн юм байна. Тодруулбал, уулархаг бүсэд сарлагийн мах, сүүгээр хийсэн идээ ундаагаар ялангуяа сэрүүний улиралд дайлбал тохиромжтой юм байна. Халуун дулаан үед сарлагийн борц, тараг, арвай болон хөх тарианы гурил, зэрлэг сонгинын хольцтой хоолоор үйлчлэх хэрэгтэй гэнэ. Харин говийн бүс нам дор газрынхан зундаа ямаа, үхрийн махыг түлхүү хэрэглэхийн зэрэгцээ эрт болцтой ногоо тарьж, 100 грамм мах тутамд 200 грамм ногоо ногдохоор тохируулж хоол хийж хэвших ёстой юм байна. Түүнчлэн нутгийн хамгийн баруун хязгаар Ховд, Баян-Өлгийнхөн каз, көжө болон хүнсний төрөл бүрийн ногоотой брэнд хоол зохион бий болгох, Өмнөговийнхон ингэний сүү, цагаан идээ, улаан лоолийн орц бүхий бүтээгдэхүүн, Дорнод, Хөвсгөлийнхөн Буйр, Хөвсгөл нуурын загас, Сэлэнгэ, Төв аймгийнхан зөгийн бал, газар тариалангийн бүтээгдэхүүнд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэл эрхэлбэл тохиромжтойг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш С.Сэржмядаг хэлсэн. Тэрбээр “Бид бүс нутгийн онцлог, малынх нь төрөл, түүхий эдийн гарцад тохирсон, онцлогийг нь шингээсэн хүнс үйлдвэрлэлийн талаарх анхан шатны судалгаа бид хийсэн. Одоогоор уг судалгаа тун ерөнхий байна. Харин шим тэжээл, ялангуяа малын гаралтай түүхий эдийн үр өгөөжийн талаарх судалгаагаа түлхүү хийж байгаа. Манай улс экологийн гаралтай хүнсний ногоо, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байж энэ төрлийн хүнсээр идээ ундаа бэлтгэн жуулчдыг татах бүрэн боломжтой. Тухайлбал, Дорнодын сав газарт наранцэцэг, эрдэнэшиш, бүх төрлийн арвай тариалж, тэдгээрийн орцтой идээ ундаа, агшаамал, хатаасан хүнс хийж болно. Тэгвэл Төв, Сэлэнгийн бүсэд хүнсний бүх төрлийн ногоотой зоогийг санал болгож болох юм. Харин баруун аймгуудад зөвхөн айраг, цагаан идээ, чацарганын орцтой хоол, хүнсээр үйлчилдэг амралт, сувиллын газрууд байж болно. Мөн малын дайвар бүтээгдэхүүн буюу зөвхөн гэдэс, цувдайгаар хийсэн хоол, зоог санал болгодог төрөлжсөн ресторан нээж болно. Зуун грамм гүзээ, дайвар бүтээгдэхүүнд ногдох уураг, коллагены үр шим ямар их болохыг ойлгодог хүмүүс үйлчлүүлэхдээ таатай байна” гэсэн юм.
Тэгвэл Монголын аялал жуулчлалын холбооныхон энэ талаар ямар бодолтой байгааг тодрууллаа. Орон нутгийн иргэд, үйлчилгээний төвүүд дотоод, гадаадын аялагчдад өөрсдийн нэрийн хуудас болсон хоол, хүнсийг санал болгож чадаж байна уу. Зочлох үйлчилгээний соёл хэрхэн хөгжиж байна вэ. Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Жуулчны баазуудын зөвлөл хариуцсан зөвлөх С.Алтантуяа “Зочдод санал болгож буй хоол, хүнс, тэднийг хүлээн авахад бүрдүүлсэн орчныг мэргэжлийн хэллэгээр зочлох үйлчилгээний байршуулах хэрэгсэл гэдэг. Манай орны хувьд зочлох үйлчилгээний байршуулах хэрэгсэл үнэхээр хангалтгүй байна. Эл хэрэгслийг чанаржуулахад, нутгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн санал болгон, ложистик бий болгохын тулд юуны түрүүнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа явуулах хэрэгтэй. Улсын хэмжээний бүх жуулчны бааз, амралтын газар, кэмп, гэр сууцыг хамруулж, бүх нөөц бололцоог тооцон, нэгдсэн мэдээлэлтэй болох нь чухал. Үүний тулд эхний ээлжид зөвхөн судалгаа хийхэд 50 орчим сая төгрөг шаардлагатай. Төрийн бус байгууллагынхан бид ийм хөрөнгө гаргаж чадахгүй. Тиймээс салбарын яамтай хамтран ажиллах санал хүргүүлсэн. Одоогоор ажил хэрэг болсон юм алга. Жуулчны баазууд өдгөө хоол хүнсээ төрөлжүүлж бэлтгэх байтугай санхүүгийн хямралд өртсөн. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь дампуурсан гэхэд болно. Цаашид төр, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд хамтран судалгаа хийж, тодорхой дүгнэлтэд хүрсний үндсэн дээр хаана ямар хоол, хүнсийг зочид идэх боломжтой, тэр нь ямар онцлогтой, юугаараа өвөрмөц гэдгийг тодорхойлж, зөвхөн хоол хүнс дагнасан үйлчилгээг (food tourism) хөгжүүлэх боломжтой” гэв. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт ажиллах хүч олддоггүй бөгөөд сувиллын хоол бэлтгэх тогооч бүү хэл, гал тогооны туслах ажилтан, хоол хийж чадах хүн ховордсон, амралтын газрууд, гэр кэмпүүд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан, мэргэжлийн бус байдлаар ажиллаж буйг С.Алтантуяа онцолсон юм.
Ташрамд дурдахад, дэлхий дахинд аялал жуулчлалын салбарын орлого цар тахлын өмнө буюу 2019 онд найман их наяд ам.доллароос давжээ. Тэгвэл тус салбарын нийт орлогын 25 орчим хувийг “food tourism”-аас бүрдүүлдэг жишиг байдаг аж.