Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний хагас жилд найман их наяд төгрөгөөс давсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 895.4 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар өссөн үзүүлэлт болсон. Тэгвэл төсвийн орлогод эрдэс баялгийн салбараас 1.7 их наядыг нь төвлөрүүлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, уул уурхайн олборлолт болон газрын тосны борлуулалт, тусгай зөвшөөрлийн төлбөр, бусад орлогоос нэгдсэн төсвийн 22.1 хувийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн нүүрсний борлуулалтаас 130.6, цайраас 8.8, алтнаас 6.1 тэрбум төгрөгийн орлого олсон нь нэг жилд 5.7-30.3 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Харин зэс, төмөр, хайлуур жоншны нийлүүлэлтээс нийт 820 орчим тэрбум төгрөг хуримтлуулсан нь 2021 оныхоос 44-78 хувиар багасан дүн болсныг УУХҮЯ-наас мэдээллээ.