Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнүүдийг ирэх есдүгээр сарын 9-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулах ажээ. Уг наадмын бүсийн тэмцээнүүдийг өнгөрсөн тавдугаар сард спортын 36 төрлөөр орон даяар явуулж, дүнг нь гаргасан. Дөрвөн жилд нэг удаа болдог уг арга хэмжээнд нийслэл, орон нутгийн тамирчид өргөнөөр оролцсон. Тухайлбал, одоогоос хоёр сарын өмнө “Алдар” спорт хорооны зааланд болсон жүдо бөхийн төрөлд нийт 202 жүдоч өрсөлдсөн юм.
Биеийн тамир, спортын улсын хорооноос ирэх есдүгээр сард болох шигшээ тэмцээнүүдийн үед зөвлөхөөс бусад, өөрөөр хэлбэл, зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх баг, хамт олныг шалгаруулах 400 сая төгрөгийн төсөвтэй тендер зарласан нь хэмнэлтийн хуулийн хүрээнд цуцлагджээ. Тиймээс тус хорооны зүгээс тэмцээнүүдийг спортын мэргэжлийн холбоодын оролцоотойгоор явуулна гэсэн чигтэй байгаа аж.