Дизель түлшний жижиглэн борлуулалтын үнэ сүүлийн хоёр сард 19.2 хувиар өссөнтэй холбоотойгоор ургац хураах, уринш хийхэд шаардлагатай 10 мянган тонн бүтээгдэхүүний үнийг хөнгөлөх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргажээ. Тодруулбал, дизель түлшний үнийн зөрүү болох 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас ургац хураалтын гүйцэтгэлээр тооцон санхүүжүүлэхээр болжээ. Ингэснээр ургац хураалтыг улсын хэмжээнд, технологийн хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, шатахууны хангамжийг тогтвортой байлган, гурилын үнийн өсөлтөөс сэргийлэх зэрэг нөхцөл бүрдэх аж. Үүнээс гадна АИ-92 автобензиний жижиглэнгийн ханшийг “барих” зорилгоор гаалийн албан татварын хувь хэмжээг 2022 оны наймдугаар сарын 1 хүртэл тэглэхээр болсон. Тэгвэл уг хугацааг энэ жил дуустал сунгах шийдвэрийг мөн гаргажээ. УУХҮЯ-наас ОХУ-ын “Роснефть” компанитай удаа дараа хийсэн хэлцлийн үр дүнд 2023 он хүртэл нэг тонн АИ-92 төрлийн шатахууныг 830 ам.доллароор тогтмол худалдан авах тохиролцоонд хүрсэн билээ. Дээрх шийдвэр болон тус хэлцлийн үр дүнд нэг литр АИ-92 шатахууны үнэ энэ он дуустал 2390 төгрөг байх нь.