Шатахууны хөнгөлөлтийг улаан буудай, төмс, хүнсний ногоо хураах ажилд зориулж, шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ хэмээн ХХААХҮЯ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Тэрбээр, "Энэ мөнгөн урамшуулалыг ургац хураалтын үр дүнгээс хамаарч олгоно. Манай улс энэ жил нийт 570.8 га талбайд тариалалт хийгээд буй. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өсөлттэй байна. Намрын ургац хураалтын ажилд 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын ажлын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарсан. Мөн ургац хураалтын ажилд 10-15 мянган оюутныг хамруулна" хэмээв.