Барилгын гол материалын нэг цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн талаар “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өчигдөр мэдээлэл хийв. Тус нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл “Бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрүүдийн цементийг саадгүй шуурхай тээвэрлэх зорилго тавьсан. Тиймээс битүү бүх вагоныг зөвхөн цемент зөөхөд ашиглаж буй. Хөтөлөөс “Цемент шохой”, Олон-Овоо өртөөнөөс МАК, Өргөн өртөөнөөс “Монцемент” компанийн бүтээгдэхүүнийг татан авч байна. Уржигдрын байдлаар дээрх гурван компани нийт 700 орчим битүү вагоны захиалга өгсний дийлэнхийг биелүүлсэн. Мөн үйлдвэрүүд хэвийн ажиллаж буй” гэв.
УБТЗ нь ууттай цемент тээвэрлэх зориулалт бүхий 154 ширхэг битүү вагонтой бөгөөд өдөр бүр дээрх компаниудын вагоны захиалгын дунджаар 70-80 хувьд ачилт хийж байгаа аж. Цаашид нийт захиалгыг 100 хувь биелүүлэхэд 244 ширхэг битүү вагон хэрэгтэй юм байна. Үүнээс 90 ширхгийг худалдан авах шаардлагатай гэнэ. Нэг ширхэг битүү вагоны зах зээлийн дундаж ханш 220 сая төгрөг гэвэл нийт 20 тэрбум төгрөг хэрэгтэйг С.Батдөл дурдлаа.