Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний ногоочдыг дэмжих, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өсгөх зорилгоор энэ онд 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн дотоодын зах зээлд борлуулсан 10 төрлийн ногооны тонн тутамд 100 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргасан. Тодруулбал, байцай, шар лууван, шар болон хүрэн манжин, өргөст хэмх зэргийг ногоочид иргэд, аж ахуйн нэгжүүдэд борлуулахын зэрэгцээ улсаас урамшуулал хүртэх юм. Тэгвэл уг урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, компанийн материалыг ирэх есдүгээр сарын 1-нээс хүлээн авахаа ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ногоочид газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэл үүсгэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний борлуулалтаа и-баримтаар баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангах ёстой аж. Шаардлага хангасан тохиолдолд аль ч аймаг, сум, дүүргийн иргэд урамшуулал хүртэх нь. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд энэ жил 60 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд сүүлийн таван жилд жил бүр дунджаар 100 000 тонн хүнсний ногоо хураан авсан байна.