“Төсвийн нээлттэй байдал-2021” олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс 100 оноо авахаас төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр 60-ыг авсан байдаг. Мөн төсөвт олон нийтийн оролцоог хангах байдлаараа 13, төсвийн хяналтын түвшнээр 76 оноо авчээ. Уг судалгааг хоёр жил тутамд нэг удаа хийдэг. Өмнөх буюу 2019 оны судалгаагаар манай улс 56 оноо авсан юм. Тэгвэл үүний өмнөх судалгаагаар 46 оноо авч байжээ.
Манай улс энэ судалгаагаар 2008 онд 36 оноо авч байсан. Энэ нь сүүлийн 20 жил дэх хамгийн муу үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн ил тод байдал сайжирч байна. Дийлэнх тохиолдолд манай улс уг судалгаанд 50-60 оноо авчээ. Тэгэхээр төсвийн ил тод байдлын үзүүлэлтээрээ дундаж орон юм. Судалгаанд нийт 120 орон оролцуулснаас манайх 38 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ чиглэлд Шинэ Зеланд, Австрали улс тэргүүлдэг байна. Монгол Улсын төсөвт иргэдийг оролцуулах байдал нь маш хангалтгүй. Тиймээс төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, аудит хийх гэсэн бүх үе шатанд иргэдийг оролцуулах хэрэгтэй гэж олон улсын байгууллагаас зөвлөдөг аж. Төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй орнуудыг Өмнөд Солонгос тэргүүлдэг. Тус улс 2021 оны судалгаагаар 59 оноо авчээ. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “Төсвийг боловсруулах шатанд болон хэрэгжилтэд Засгийн газар иргэдийг оролцуулахгүй байна. Ийм учраас энэ үзүүлэлт дээр тэг оноо авсан. Хууль тогтоох байгууллага буюу УИХ-ын зүгээс төсвийг батлахад иргэдийг оролцуулах үзүүлэлт хангалтгүй байгаа. Монгол Улс төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах шаардлагатай” гэжээ.
Манай Засгийн газар төсөв боловсруулахдаа иргэдийнхээ саналыг тусгах механизм бүрдүүлээгүй. Тиймээс иргэд төсөв зохиоход ямар ч оролцоо байдаггүй. Дэлхий нийтэд төсвийн ил тод байдлын тухай ойлголт зөвхөн төсвийн гүйцэтгэлийг эмхэтгэл болгон хэвлүүлснээр хэмжигддэггүй аж. Төсөв зохиход, хэрэгжүүлэхэд, хянахад иргэдийн оролцоог хангасан тохиолдолд ил тод гэж үздэг байна. Тэгвэл манайд иргэдээ оролцуулдаггүй учраас “нууц төсөв” зохиодог. Үүгээр зогсохгүй баталсан төсвийнхөө мэдээллийг ч Сангийн яамныхан олон нийтэд хүргэдэггүй. Төсвийн төслөөс нь ямар арга хэмжээний санхүүжилтийг нэмсэн, хассан, алийг нь “царцаасан”-ыг дуулгадаггүй. Монгол Улсын төсөв бол олон нийтийн хувьд хаалттай мэдээлэл юм. Иргэд төдийгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэн ч бодитой, дэлгэрэнгүй мэдээлэл олж авч чаддаггүй билээ. Тэгэхээр төсвийн ил тод байдлыг хангахын тулд иргэдийн оролцоог хангах механизм бүрдүүлэх шаардлага тулгараад байна.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Төсвийн ил тод байдлыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төр, иргэдийн хооронд бат бөх түншлэлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс төсвийн мэдээллийг нээлттэй, ойлгомжтой байдлаар иргэдэд тогтмол хүргэх боломж бий болгохын тулд энэ чиглэлд улам ахиц гаргахад анхаарал хандуулах болно” гэж ярьж байжээ. Тэрбээр Монгол Улсын Сангийн сайдаар хоёр удаа ажилласан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар олон жил ажилласан туршлагатай хүн. Гэвч тэрбээр төсвийн ил тод байдлыг хангах механизмыг бүрдүүлж чадаагүй юм. Ч.Хүрэлбаатар “Төсвийн мэдээллийг нээлттэй, ойлгомжтой байдлаар иргэдэд тогтмол хүргэхэд ахиц гаргахад анхаарал хандуулна” гэж онцолжээ. Мэдээллийг хүргэх нь нэг хэрэг. Харин төсөвт иргэдийг оролцуулах нь улам ил тод, нээлттэй болгож буй алхам гэдгийг ойлгох хэрэгтэй. Сангийн яам “Иргэдийн төсөв” гэсэн товхимол гаргадаг. Гэсэн ч үүнийг явцуу хүрээнд тараадаг. Тиймээс олон нийт төсвийн талаарх мэдээлэл авч чаддаггүй.
Энэ талаар “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” төрийн бус байгууллагын ахлах судлаач С.Баттулга “Төсвийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт хангалтгүй байгаа. Тиймээс мэдээллийг нь нээлттэй өгөгдөл хэлбэрээр, цахим хуудас, гар утасны аппликэйшн, нийгмийн сүлжээ, хэвлэл, мэдээлэл, олон нийтийг хамарсан кампанит ажил зохиох зэргээр иргэдэд ойр суваг ашиглан түгээх шаардлагатай гэж дүгнэж байна” гэжээ. Мэдээллийг цөөн тооны тохимол таарах төдийгөөр хязгаарлахгүй ингэж хүргэх нь зүйтэй. Бодит мэдээлэлтэй иргэд зөв дүгнэлт хийж, төсвийн талаар санал бодлоо хуваалцан оролцдог болох нь дамжиггүй. Төсөв зохиох болон хэрэгжүүлэх үйл явцыг Засгийн газар олон нийтээс нуух сонирхолтой байдаг. Иймээс төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог хангах механизм, арга замыг бүрдүүлэхээс цааргалдаг юм. Нэг талаар улстөрчдийн сэтгэлгээ нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэдэг болж өөрчлөгдсөний дараа төсөв “шилэн” болох болов уу. Нөгөөтээгүүр, төсвийн ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх, өөрсдийнх нь оролцоог хангадаг болох тал дээр иргэд Засгийн газарт шахалт үзүүлэх хэрэгтэй.
“Төсвийн нээлттэй байдал-2021” олон улсын судалгааны дүнд тулгуурлан “Нээлттэй нийгэм форум”-аас манай улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагад хандан зөвлөмж гаргасан байдаг. Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэхийн тулд хагас жилийн тайланг боловсруулж, цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтлэхийг уг зөвлөмжид тусгажээ. Мөн иргэдийн төсөв болон батлагдсан төсвийн иж бүрэн байдлыг сайжруулах, өрийн бүтцийн талаарх тухайн жилийн болон өмнөх жилүүдийн мэдээллийг төсвийн төсөлд илүү дэлгэрэнгүй оруулах, өрийн дүнг жилийн эцсийн тайланд тусгах шаардлагатай гэж зөвлөсөн. Түүнчлэн баталсан төсөвт тухайн жилийн орлого, зарлагын мэдээллийг иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах, төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг турших хэрэгтэй гэж зөвлөжээ.
Тэгвэл төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог сайжруулахын тулд төсөв боловсруулах үе шатанд оролцоог нь хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх, эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан идэвхтэй татан оролцуулах хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн УИХ олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож, мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх, Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан төсвийн төслийн талаар санал бодлоо илэрхийлэх боломжийг олон нийтэд олгох хэрэгтэй гэжээ.
УИХ-ын зарим гишүүн улсын төсвийн талаар бодит мэдээлэлгүй явж буйг үгүйсгэх аргагүй. Иргэд бүү хэл төрийн түшээд нь төсөв хэрхэж буйг мэдэхгүй гэдэг нь гажуудал. Тиймээс нууц төсвийг ил болгож, олон нийтийн оролцоог хангаж, түмний ухаанаар дэнсэлдэг болъё.