“Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ өнгөрсөн долоо хоногт зарлав. Тус байгууллага 2022 онд түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар өснө гэж таамаглажээ. Мөн ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ гэж дүгнэсэн байна. Цаашид 2025 он хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг жилд дунджаар 6.4 хувь болно гэж таамаглажээ. Учир нь “Тавантолгой”, “Оюутолгой” төсөлд тогтвортой хөрөнгө оруулалт хийх болно. Энэ оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас “Рио тинто” групптэй “Оюутолгой” төслийн талаарх хэлэлцээр хийж, зардлын хэтрэлттэй холбоотой холбогдох асуудлууд шийдэгдсэн гэж үзсэн байна.
Цаашид зээлжих зэрэглэл “Тогтвортой” төлөвтэй байх нь эдийн засгийн сэргэлт хэвийн үргэлжилнэ гэсэн хүлээлтээс шалтгаалсныг мөн тодотгожээ. Мөн 2022 оноос хойш Монгол Улсын төсөв, өр, гадаад секторын нөхцөл байдал сайжирна. Гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна гэж үзжээ. Түүнчлэн Монголбанк 2020 оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банктай 15 тэрбум юанийн своп хэлцлээ 2023 оныг дуустал амжилттай сунгасан тул нийт гадаад өрийн тооцооллоос хассан гэнэ.