Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны түлшний үнийн асуудлаар хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг бага байлгахын тулд зохицуулалт хийхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төлөвлөлөө. Ингэхдээ дизель түлшийг 500-600 төгрөгөөр одоогийн зах зээлээс хямд байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын үеэр шатахууны зардлын тодорхой хэсгийг төрөөс гаргахаар боллоо. Хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх 10 мянган тн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудлыг хэлэлцлээ. Энэ жилийн хаврын тариалалтын үед литр нь 3400 орчим төгрөг байсан. Гэтэл гадаад зах зээлд үүссэн нөхцөл байдлаас болж үнийн өсөлт явагдсан.Тиймээс шатахуунаас хамааралтай үнийн өсөлт бага байх, тодорхой хугацаанд үнэ бууруулах арга хэмжээ авна. Ингэснээр дизель түлшний үнийг хаврын үнэ болох 3400 орчимд хүргэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх жилийн хавар үнэ хөөрөгдөхөөс хамгаалах сайн талтай.
Шатахууны үнийн өсөлт биднээс хамаарах боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гадаад зах зээлийн үнийг дагахаас аргагүй. Гэхдээ АИ-92 шатахууныг он дуустал 830 ам.доллараар нийлүүлэхээр болсон. ОХУ-аас энэ шийдвэртэй холбоотой баталгаажуулалтын захидал илгээсэн" гэдэг мэдээлэл өглөө.
Энэ сарын 1-нээс дизель түлшинд 5 хувийн хөнгөлөлт эдлэх хэлэлцээг ОХУ-тай хийжээ. Манай улс дөрөвдүгээр сард Аи92 авто бензинийг 25 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байсан бол одоо 30 хувийн хөнгөлөлт эдэлж байна. Иймд Аи92 шатаууны үнэ энэ оныг дуустал тогтвортой байна. Аи92 авто бензин он дуустал нэг баррель нь 830 ам.долларын үнэтэй байх юм.