Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр найман их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.6 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 14.3 хувиар өссөн аж. Харин төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 1-6 дугаар сард 8.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 844 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Татварын нийт орлого дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэ-лээр 6.9 их наяд төгрөгөөр хэмжигдэн, 2021 оны мөн үеийнхээс 1.4 их наядаар ахижээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ 458.9, нийгмийн даатгалын орлого 391.9, бусад татвар 554 тэрбумаар өссөн нь нөлөөлсөн аж. Үүнээс гадна төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.4 дахин нэмэгдсэнийг дээрх хорооны тайланд дурдав.