“Санчир”, “Эрхэс”, “Жавхаа”, “Тэмүүлэл”, “Орчлон”, “Тэнгис”. Эдгээр нь хүүхдийн “Нарс” зуслангийн бүлгийн нэр. Бие биенээ танихгүй охид, хөвгүүд цуглаж хэдхэн өдөр зугаатай амраад харих болохоороо чухам энэ л бүлгүүдийнхээ нэрээр овоглох нь холгүй болтлоо өөриймсдөг нь өсвөр насныхны онцлог. Нарсан ой дунд “намбайх” уг зуслан тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээж авсан өдөр нь очиж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Сонгинохайрхан дүүрэг, Толгойтын Баруун салааны эхэнд байх эл зуслангийн сургийг дуулж байсан төдий бөгөөд ийм томоохон, хүчин чадал сайтай гэж төсөөлсөнгүй. Айл гэрийн өнгө үүднээсээ гэдэг. Бид хашааных нь хаалгаар орж, машинаа зориулалтын зогсоолд тавьсан даруйгаас “Ямар сайхан амгалан, тав тухтай, эмх цэгцтэй орчин бэ” гэж ярьж эхэлсэн юм.
Шинэ ээлжийн хүүхдүүд хүлээж авсан байх ёстой атал хүний бараа харагдахгүй болохоор нь гайхасхийсээр захиргааг нь хайж очлоо. Хүүхдүүдийн түрүүчийг эмнэлгийн үүдэнд л харав. Янз бүрийн насны хөвгүүд эмчид үзүүлэхээр дугаарлан томоотой зогсоцгоожээ. Биднийг угтаж, хөтөлсөн манаач “Захирал хотод яваа, та нар паутай уулзаарай” гэхээр нь, аль түрүүчийн нийгэмд хэрэглэдэг байсан үг хэллэг өнөө хэр хэвээр байгааг анзаараадхав. Удалгүй пау (пионерын ахлах удирдагч гэсэн үгийн товчлол) ирлээ. Богино долгионы станцаар хүмүүст зааварчилгаа өгсөөр уулзсан буржгардуу үстэй залуугийн нэр З.Отгонзаяа. Тэрбээр зуслангийн ахлах багш бөгөөд хөтөлбөрийн аргазүйч юм байна. Хүүхдүүдийг нийтэд нь, мөн бүлгүүдийг хариуцдаг багш нараа ч даргалдаг бололтой. Тэрбээр хүүхдийн зусланд 12, харин “Нарс”-д бол сүүлийн зургаан жил ажиллаж байгаа аж. Эрдэнэтийн уугуул, сурагч байхаасаа хүүхдийн оролцооны байгууллагад идэвхтэй ажилладаг байсан болохоор ийм ажилд дурласан гэнэ. МУИС-ийн улс төр судлалын анги төгссөн, намраас хавар хүртэл мэргэжлээрээ залууст сургалт явуулдаг бөгөөд зун болмогц хүүхдийн зусланд ажиллаж хэвшсэн нэгэн юм билээ.
Пау “Нарс”-ын түүхийг дэлгэрэнгүй танилцуулсан ч үзэж харснаасаа уншигчдадаа түлхүү хүргэхийг илүүд үзэв. Уг зусланг 1972 онд, олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланг барьж байгуулсны дараахан нээсэн аж. Захирал нь Ц.Туяасайхан гэж эмэгтэй байдаг аж. Паугийн хэлснээр эзэн нь зуслангаа өөд татах, амрагч хүүхдүүдийн тав тухыг хангах үүднээс шаардлагатай бүхнийг засаж, сэлбэж, шинэчилж байдаг гэнэ. Тухайлбал, уг нь зуны задгай театртай ч соёл урлагийн арга хэмжээ явуулах битүү байгууламжийг гурван жилийн өмнө ашиглалтад оруулжээ. БНХАУ-аас мэргэжлийнхнийг урьж, үүнийг бариулсан байна. Мөн хоолны А, Б заалаа саяхан шинэчилжээ. Энэ мэтээр дурдаад байвал засаж сэлбэсэн нь их. Тэдний шинээр бүтээн байгуулж буй адал явдалт тоглоомын тухай хожуухан дурдъя.
Хүүхдүүд эмчид үзүүлсний дараа бүлэг, бүлэг рүүгээ явцгаасан байлаа. Хаана, хэн, юу хийж байдаг юм бол хэмээн сонирхож, “Эрхэс” бүлэг рүү очтол, тэдний 40-өөд хүүхэд нэг дороо цуглачихсан байв. Нэг охин ярих үед яриаг нь тасалдуулсандаа уучлалт хүсээд, “Та нар бүлгийн даргаараа чамайг сонгоо юу” гэж асуувал охин ичив бололтой, “Үгүй ээ” гэснээ инээгээд суучихав. Бусад нь мөн л дор бүрнээ инээлдэх зуур нэг нь “Бид хоорондоо танилцаж байгаа юм аа” гэлээ. Хэний ч шахалт, шаардлагагүйгээр өөрсдөө анхны уулзалт зохион байгуулаад, танилцах нь энэ цагийн нүүрэмгий өсвөр насныхны авир гэлтэй. Хүүхдүүд өрөөндөө 11-үүл амьдардаг тухай сонсмогцоо орж хармаар санагдав. Тус бүлгийн нэг өрөөг эзгүй гэж үзээд, хаалгыг нь таттал нэгэн охин сууж байлаа. Тэрбээр хүүхдийн зусланд анх удаа амарч үзэх гэж байгаа 15 настай Ч.Хүслэн аж. Ээжийнх нь дүүгийн хүү Америкаас ганцаараа иржээ. Эх орондоо ирээд буй завшааныг ашиглаж монгол хүүхдүүдтэй цуг зусланд долоо хоног амраагаад, найз нартай болгоод буцаах зорилгоор эцэг, эх нь үеэлүүдийг цугт нь илгээжээ.
“Нарс”-ынхан нэг ээлжид 280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Гэхдээ наадмын өмнөх дөрвөн ээлжээр энэ тоонд тулгаж аваагүй гэнэ. Яагаад гэхээр гадаа халуун учраас нэг өрөөнд олон хүүхэд байлгах нь дэмий гэж үзcэн байна. Харин энэ удаа 8-17 насны 103 хүүхэд ирж. Наадмын дараа хүүхдүүд ихэвчлэн хөдөө явдаг болохоор жилийн жилд иймэрхүү тооны хүүхэд ирдэг юм билээ. Энэ ээлж спортын гэсэн тодотголтой. Тиймээс спортын аль нэг төрөлд дуртай, магадгүй хичээллэдэг хүүхдүүд эднийхийг сонгосон аж. “Нарс” зуслан битүү нарсан дунд мэт авч хөлбөмбөг, сагсан бөмбөг, элсний гар бөмбөгийн талбайтай. Энэ жил шинээр адал явдалт спорт тоглоомын төрөл болох өндрөөс тороосоор хол зай туулах байгууламж бүтээж буй аж. Энэ ажилд гаршсан мэргэжлийн багийнхан уг байгууламжийг суурилуулж байхтай таарлаа. Шинэ ээлжийн хүүхдүүд үүгээр тоглоно. Хүүхдүүдийг зориулалтын дагуу буюу олон улсын стандартаар сайтар бэхэлж байгаад тавьчихад энерциэрээ доод цэгт очно. Тэнд хамгаалагч тосож аваад, бэхэлгээг тайлж үйлчлэх юм байна. Хүүхдүүд газраас гурван метрийн өндөрт уулын уруу 70 метр зам туулна гэсэн үг. Гадаадад олонтоо байх, манайд анхдагч гэх энэ үйлчилгээг “Нарс”-ынхан нэвтрүүлэх гэж буй нь энэ. Эднийх адал явдалт тоглоомын бас нэгэн төрлийг өмнө нь ашиглалтад оруулсан байна. Энэ нь бартаат замаар өндөр хананд авирах. Мөн л тусгай өмсгөл, хэрэглэл, багшийн тусламж шаарддаг энэ үйлчилгээг хүүхдүүд ихэд сонирхдог нь илт.
Паутай хамт битүү театр сонирхоод ирэх хооронд өнөөх бартаат зам бүхий өндөр хана өөд хэдэн хөвгүүн авирахаар оролдож харагдав. Пау станцаараа хариуцсан багшийг нь дуудлаа. Түүний яриаг сонссон хөвгүүд ум хумгүй гүйж одов. Ахлах багш “Энэ насны хүүхдүүд маш их хөдөлгөөнтэй. Зуслангийн хашаанд хөл тавьсан даруйд нь зөвшөөрөлгүй, удирдлагагүйгээр ойртож ч болохгүй хэсгүүд бий. Дураараа очиж болохгүй” гэж сануулсаар байхад энэ шүү дээ. Хүүхдүүд сэргэлэн цовоо байх сайн л даа. Гэхдээ гишгэдэл алдаж унаад, хөл, гараа хугалбал яах вэ. Ялангуяа найзуудаараа олуул ирсэн бол ер нь нэлээд бужигнуулдаг даа. Ингээд л “дайсны цэргүүд” гэдэг хочтой буцах эхлэлээ тавьж байгаа юм” гээд инээж байлаа.
Урд, хойноо орон гүйж одсон “дайсны цэргүүд”-ийн араас харж зогсох зуур зуслангийн эмч Ч.Эрдэнэцэцэгтэй хэдэн үг солих боломж олдов. Тэрбээр “Бүх хүүхдийг үзлээ. Асуудал алга. Ер нь эмчийн үзлэг хийлгэсэн, эрүүл охид, хөвгүүд ирдэг. “Ковид-19”-өөр өвдсөн хүүхдүүдийг илүү анзаарч байх шаардлагатай” гэж тэрбээр ярилаа. Боловсролын байгууллагад 16 жил эмчээр ажилласан, анх удаа зуслангийн эмч болсон тэрбээр эндхийн агаар, усны сайханд уушги цээж онгойгоод, бие, сэтгэл нь сэргээд байгаа тухай ч дурдсан.
Англи хэлэнд дуртай хүүхдүүдийн бүлгийн багш, Беларусь улсын иргэн Дмитрийтэй таарлаа. Тэрбээр түрүүчийн хоёр ээлжид багшилсан гэнэ. Нийслэлд ерөнхий боловсролын хувийн хэвшлийн нэгэн сургуульд англи хэлний багшаар гурван жил ажилласан, ирэх сард нутаг буцахаар бэлтгэж буй тэрбээр “Нарс”-ынханд тусалж бүлэг хариуцан ажиллаж байгаа аж. Өдрийн хоолны цаг дөхсөн тул бид яриагаа гал тогоо хавьд үргэлжлүүлсэн юм. Эднийх мах, сүүгээ Ар гүнтэд байдаг айлаас гэрээгээр тогтмол авдаг гэнэ. Үхрийн мах голдуу авчирч өгдөг. Сүүгээр цай сүлэхийн сацуу тараг бүрж өдөр бүр хүүхдүүдэд уулгадаг. Ногоон сонгино, өргөст хэмхийг өөрийнхөө ногооны талбайд ургуулан хэрэглэж даджээ. Хүүхдүүд өдөрт таван удаа хооллодог. Энэ зусланд 16 дахь жилдээ ажиллаж буй ахлах тогооч Б.Сарантуяа өдрийн нэг, хоёрдугаар хоолыг долоо хоногт өөр, өөр байхаар цэс гаргадаг байна. Үе үеийн амрагч хүүхдүүдийн дуртай нь “нарс” хуурга аж. Хэдэн оны ч юм хүүхүүдийн өгсөн нэр өнөө хэр уламжлагдсан нь брэнд болсон гэнэ.
Тавдугаар ээлжийнхний анхны өдрийн хоол лууван зэрэг ногоо, өндөг, далайн байцайтай шөл болон гуляш байлаа. Гал тогооны А зааланд хамгийн түрүүнд найм, ес, арван настнууд орж ирсэн. Эхэндээ чимээ аниргүй цувраад орж ирсэн хүүхдүүд хоол идээд дуусахын хэрд хэдийн улам л гүнзгийрэн танилцав бололтой, дуу нь бага зэрэг чангарч, инээлдэж байв. Хамгийн ойр байсан ширээнд суугаа охидоос хоолны амтыг талаар асуухад “Таалагдаж байна аа” гэлээ. Хүүхдүүдийн амралтын хоёр дахь өдрийн хөтөлбөрийг сонирхоход орчинтойгоо танилцах аялалтай гэв. Үүнийг тухайн үеийн, өөрөөр хэлбэл, хэддүгээр сард амарч байгаагаас хамааран өөр, өөрөөр зохион байгуулдаг аж. Эдүгээ ойд гүзээлзгэнэ боловсорч гүйцэж буй үе тул бүлгүүдийн багш нар амрагчдаа тусгай зохион байгуулалтын хүрээнд гүзээлзгэнэ бүхий талбай хүртэл алхуулангаа байгаль орчны талаарх ойлголт өгөх хичээл заах юм байна.
Олон жилийн түүх, туршлагатай “Нарс” зуслангийнхны нэг өдрийн үйл ажиллагааны зах зухтай танилцахад ийм байлаа. Хүүхдүүд чөлөөтэй, хөгжилтэй атлаа дэг журамтайгаар амралтын эхний өдрөө өнгөрөөх янзтай байлаа. Долоо хоног гэдэг богино хугацаа ч гэлээ хүүхдүүдийн сэтгэлд насан туршид нь үл мартагдах дурсамж үлдэнэ. Янз бүрийн санаа сэдэл төрж, сэтгэн бодох чадвар нь хөгжиж, сэтгэлгээ нь ч тэлэх чухал өдрүүд буюу. Паугийн хэлснээр зарим хүүхэд ирээд буцах хооронд харьцангуй том хүүхэд шиг болчихсон байдаг гэнэ. Бие даах чадвар нь эрс дээшилсэн байдаг болохоор тэр аж. Чухамдаа нас, насныхан хэдхэн хоног амраад буцахын хооронд хорвоотой танилцдаг байх нь.