Өргөн хэрэглээний АИ-92 төрлийн шатахууны үнийг нэмсэнгүйд иргэд ихээхэн олзуурхаж байна. Тодруулбал, дээрх төрлийн литр шатахууныг Улаанбаатарт өмнөхийн адил 2390 төгрөгөөр борлуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-наас зохицуулалт хийжээ. Бусад төрлийн буюу АИ-95 шатахууны үнийг өнгөрсөн баасан гарагт литр тутамд нь 300-гаар өсгөн 4210, дизелийн түлшийг 290 төгрөгөөр нэмж, 4030-аар борлуулж эхлэв. Ийнхүү АИ-95 болон дизелийн түлшийн үнийг сүүлийн гурван сард 1100-1300 төгрөгөөр нэмээд байна. Тэгвэл Улаанбаатарт АИ-98-ыг 4590 төгрөгөөр борлуулж байгаа юм. Энэ нь ч үлэмж хэмжээгээр нэмэгдсэн үнэ юм.
АИ-92 төрлийн шатахууны үнэ жилийн өмнө литр тутамд 1450 төгрөгийн үнэтэй байсан. Үүнтэй харьцуулахад өдгөө 940 төгрөгөөр нэмэгдсэн ханшаар борлуулж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр АИ-92 төрлийн автобензиний зах зээлийн үнэ 3730 төгрөгт хүрчээ. Засгийн газраас дээрх төрлийн шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хэлцлийг ОХУ-ын талтай хийснээр 2390 төгрөгт тогтворжуулаад байгаа аж. Хэрэв зах зээлийн үнээр нь борлуулбал иргэд литр тутамд 1340 төгрөгөөр нэмэгдсэн үнэтэй шатахуун хэрэглэх байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хэлцлийн үр дүнд монголчууд өргөн хэрэглээний шатахуунаа 35 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч байна гэсэн үг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан “ОХУ-ын “Роснефть” компанитай энэ оны гуравдугаар сард хэлцэл хийж, нийлүүлэгч талаас АИ-92 төрлийн автобензиний үнийг 4-6 дугаар сард 24.3-30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авсан. Харин энэ оны долдугаар сард хийсэн хэлцлийн дүнд манай улсад нийлүүлэх газрын тосны үнийг дэлхийн зах зээлийн ханшаас 35.3 хувиар хямдруулан олгож байна. Нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнд 35.3 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь Энэтхэг болон БНХАУ-ын нефтийн үйлдвэрүүдэд нийлүүлж буй түүхий тосонд үзүүлж буйгаас эдийн засгийн талаасаа илүү бодитой хөнгөлөлт болсон. Энэ он гарснаас хойш нэг тонн АИ-92 автобензиний үнэ дэлхийн зах зээлд 747-аас 1285 ам.долларт хүрч, 72 хувиар өссөн. Тэгвэл манай улсын хувьд энэ төрлийн шатахууны үнэ зургаан хувийн өсөлттэй байна” гэсэн мэдээлэл өгөв. Мөн тус яамныхан АИ-92 төрлийн шатахууны үнийг энэ оныг дуустал өдгөөгийн ханшид тогтворжуулах нөхцөл бүрдсэнийг дуулгалаа.
Манай улс ОХУ-ын “Роснефть” компанитай 2018 оны тавдугаар сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу газрын тосны бүтээгдэхүүн худалдан авдаг. Уг гэрээгээр Монгол Улсын худалдан авах газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний “Платц” биржийн өмнөх сарын 1-нээс 25-ны хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож тогтоодог юм. Түүнээс өмнө ОХУ-ын талаас манайд нийлүүлэх шатахууны үнийг тухайн цаг үеийн нөхцөлийг харгалзан дураараа тогтоож байсан. Тиймээс манай талын хүсэлтээр олон улсын биржийн үнэтэй харьцуулан тогтоох болсон билээ. АИ-92 төрлийн шатахууны үнийг хойд хөршийнхөнтэй хэлцэл хийж тогтоож буй энэ цаг үед бидэнд ашигтай тусаж байна.
“Монгол нүүрс ассоциац”-ын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “АИ-95 болон дизелийн түлшийг ОХУ-аас Сингапурын биржийн үнээр авдаг. Тиймээс олон улсад нефтийн үнэ өсөхөөр шатахууных нь дагаад нэмэгдэж буй. Харин хүмүүсийн өргөн хэрэглэдэг АИ-92 төрлийн автобензинийг хямд авах хүсэлт тавьж зөвшөөрүүлсэн тул Монголд Оросоос ч хямд байгаа. Уг нь тэр жил оросууд ханшаа үзэмжээрээ нэмээд байхаар нь олон улсын биржийн үнэтэй холбож бууруулж чадсан. Цаашдаа хямд шатахуун авахын тулд Оростой шууд ярих уу, эсвэл олон улсын үнээр худалдан авсан нь хэвээр байх уу. Аль нь урт хугацаандаа дээр вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Эхнийх нь хямд боловч хойд хөршөөс хамаарал нэмэгдэнэ. Хоёр дахь нь үнэтэй боловч улсын бие даасан байдалд илүү хэрэгтэй. Энэ цаг үед аль нь илүү зөв бэ” гэж хувийн байр сууриа илэрхийлжээ.
Дэлхийн зах зээлд газрын тосны ханш 2020 оны дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй өссөн. Брент маркийн газрын тосны үнэ дээрх хугацаанд 24 ам.долларт хэлбэлзэж байжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар 105 ам.долларын ханштай болов. Өөрөөр хэлбэл, газрын тосны ханш дэлхийн зах зээлд сүүлийн хоёр жилд дөрөв дахин өсөөд буй юм. Газрын тосны үнэ өссөн үед ОХУ-ын талтай хямд үнээр худалдаж авах хэлцэл хийх, хямдарсан үед олон улсын биржийн ханшийг жишиг болгох механизм бүрдүүлэх нь зүйтэй болов уу. Хоёр үнийн хоёр механизм хэрэгжүүлдэг болох талаар оросуудтай ярилцах хэрэгтэй. Шатахууны үнэ өсөх нь манай орны инфляцыг өдөөдөг. Одоогоор Монгол Улсын инфляц 15.1 хувьд хүрээд байна. Инфляц ийм өндөр үед өргөн хэрэглээний шатахууны үнийг тогтворжуулсан нь зөв бодлого гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх нь зөвхөн монголчуудад л “зовлон” болдоггүй. Олон түвшинд, өндөр дээд албан тушаалтнуудын санааг чилээсэн асуудал болдог билээ. Австралийн Үндэсний банкны түүхий эдийн судалгааны албаны дарга Баден Мур “Газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх талаар шууд амлалт өгөөгүй ч АНУ нийлүүлэлтээ аажмаар өсгөхөөр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн байна. Тэгвэл АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн бямба гарагт эдийн засаг, санхүүгийн бүлгийн 20 тэргүүнтэй хийсэн уулзалтын хүрээнд Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоох саналыг хүргүүлсэн талаар мэдэгдсэн. Тэрбээр энэ сарын 5-нд Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэтэй хийсэн цахим уулзалтын үеэр үнийн дээд хязгаарын тогтоох санал өгснөө мөн дуулгасан аж. “ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоох нь маш төвөгтэй асуудал бөгөөд Украины хямралыг шийдвэрлэх урьдчилсан нөхцөл нь холбогдох талуудын хоорондын энхийн хэлэлцээг ахиулах явдал” гэж Хятадын Худалдааны яамныхан үзэж байгаа юм.
Тэгвэл ОПЕК болон түүний холбоотон улсууд коронавирусийн тахлын үеэр зогссон газрын тосны нийлүүлэлтийг сэргээхээр тохиролцсон гэнэ. Энэ асуудлаар ирэх сарын 3-нд уулзалт хийхээр төлөвлөжээ. Хэрэв ОПЕК газрын тосны нийлүүлэлтээ нэмбэл үнэ уруудах нь ойлгомжтой. Нийлүүлэлт нь өсвөл үнэ хямдардаг нь зах зээлийн бичигдээгүй хууль билээ. Түүнээс гадна шинжээчид ОХУ, Украины хямрал зогсвол газрын тосны үнэ буурна гэж таамаглаж байна.