Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийнхэн өчигдөр хуралджээ. Үүнд тус салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон байна. Тэд их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын явц, төлөвлөгөөт гүйцэтгэлд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцов. Түүнчлэн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өчигдрийн байдлаар дунджаар 50.3 хувьд хүрснийг тэмдэглэлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн хувиар бага түвшин тул өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэхийг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үүрэг болгов.