Шатахууны үнэ өнгөрсөн баасан гарагт дахин нэмэгдлээ. Тодруулбал, АИ-95 автобензиний үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр өсгөн 4210, дизелийн түлшийг 290-өөр нэмж 4030 болгосон бол АИ-98-ыг 4590-өөр борлуулж эхлэв. Ингэснээр сүүлийн гурван сард дээрх бүтээгдэхүүнүүдийн ханш литр тутамдаа 1100-1300 төгрөгөөр “чангарлаа”. Шатахууны ханшийн өсөлтийг дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй нэмэгдэн, ОХУ-ын “Роснефть” компаниас манайд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ ч тогтмол ахиж буйтай холбоотой хэмээн албаны эх сурвалжууд тайлбарлаж байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн 4-6 дугаар сард ОХУ-ын “Роснефть”-ийн удирдлагатай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд одоогоор нэг тонн АИ-92-ыг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч буй. Ингэснээр АИ-92-ын ханшийг 2390 төгрөгт “барьж” байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал цахим хуудсандаа бичжээ. Мөн АИ-92-ын үнийг энэ он дуустал нэмэхгүй байх боломж бүрдүүлснийг тэрбээр тэмдэглэв. Ташрамд дурдахад, өнгөрсөн баасан гаргийн байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн шатахууны дунджаар 40 хоногийн нөөц байв.