УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган ажлын 80 хоног хуралдан уржигдар өндөрлөлөө. Хаврын ээлжит чуулганы явцад бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав буюу нийт 341 хууль, 44 тогтоол баталжээ. Дээрх чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулган дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын нөлөөгөөр тээвэр ложистик, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, хөрш орнуудын хил гааль тодорхой хугацаанд хязгаарлагдсан, олон улсад геополитикийн хурцадмал байдал үүссэн хүндрэлтэй үед хуралдлаа. Эдгээр бэрхшээлийн улмаас эдийн засаг агшиж, үнэ өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал даамжрах нөхцөл бий болсон. Улмаар инфляц 2021 оны эхний хагасаас өнгөрсөн зургадугаар сар хүртэлх хугацаад 2.4 дахин өсөж, улсын хэмжээнд 15.1, Улаанбаатарт 16.2 хувьд хүрлээ. Энэ бол сүүлийн 10 жилд гараагүй өндөр өсөлт юм. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ жилд 18 хувиар нэмэгдлээ. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх Ерөнхийлөгчийн санаачилгыг холбогдох бүх байгууллага, ард нийтээрээ дэмжиж, идэвх, санаачилгатай ажиллах шаардлагатай болсон. Тиймээс УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан түр хороог байгууллаа. Тус хороо нь хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, намрын ургац хураалтын бэлтгэлийг хангахад онцгой анхаарвал зохино” гэв. Хаврын чуулганы сүүлчийн өдөр 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах болон Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй хоёр хүнийг танилцуулсан юм.