Монгол Улс энэ оны эхний хагас жилд 5.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 3.9 тэрбум “ногоон”-ыг импортод зарцуулжээ. Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлт 9.2 тэрбумд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 25.6 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн экспортоос олсон орлого, импортод зарцуулсан хөрөнгөөс давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Борлуулсан эрдэс бүтээгдэхүүний 99.1 хувийг чулуун нүүрс, зэс болон молибдены баяжмал, хайлуур жонш, боловсруулаагүй нефть эзэлжээ. Харин импортод 3.9 тэрбум ам.доллар зарцуулсан нь 2021 оны мөн үеийнхээс 21.1 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Ийнхүү импортын зардал өсөхөд шатахуунд төлсөн төлбөр өнгөрсөн оны мөн үеийнхээс 306.5, хүнсний татан авалт 87.4, машин, механик тоног төхөөрөмж, эд ангид зарцуулсан хөрөнгө 27.9 сая ам.доллароор ахисан нь түлхүү нөлөөлсөн байна.