Барилга, хот байгуулалтын яамнаас төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлал болон цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2021 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр хийж буй барилгын ажлын зардлыг тус яамнаас тооцож буй гэнэ. Гурван эх сурвалжаас 800 гаруй төрлийн материалын үнийн хэлбэлзлийн мэдээллийг авч, төсөвт өртөгт нөлөөлж буй, эсэх талаар судалжээ. Ингэснээр 1100 гаруй төсөл, бүтээн байгуулалтаас 534-ийнх нь материалын зардал нэмэгдэн, 274 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсныг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулсан байна. Харин 314 төсөл, арга хэмжээ үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй үлдсэнийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэллээ. Энэ нь тухайн төслийг гүйцэтгэгчийн хариуцлагагүй байдал, мөн цаг хугацааны хувьд амжаагүйгээс болсон аж. Тиймээс материалын зардлаа мэдүүлээгүй компаниуд энэ сарын дотор тайлангаа ирүүлэхийг С.Магнайсүрэн сануулав. Барилгын материалын үнийн өсөлтийг нэгтгэн тооцож, наймдугаар сарын 15-нд Сангийн яаманд хүргүүлэн, улмаар 2023 оны төсөвт суулгуулах юм байна.