Манай улс хүнсний хэрэгцээндээ зориулж жил бүр 20 гаруй сая мал төхөөрдөг гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлдэг. Үүнээс элэг, зүрх, бөөр буюу дотор мах, салслаг дайвар бүтээгдэхүүн болох гүзээ, сархинаг, цус зэрэг үнэ цэнтэй түүхий эд төдий тоогоор гарч буй. Гэтэл тэдгээрийг ангилан ялгаж, боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр бараг алга. Уг нь дотор мах, дайвар бүтээгдэхүүний анхны үнээс боловсруулж, бэлэн болгосон хүнснийх нь хэд дахин өндөр байдаг.
Уржигдрын байдлаар хотын төвийн зарим хүнсний захад богийн толгой, цувдай болон элэг, үхрийн гүзээ зэргийг кг-аар, эсвэл ширхгээр нь 3000-15 000 төгрөгөөр борлуулж байна. Богийн элэг ширхэг нь 3000, гүзээнд нь хийсэн гэдэс 13 000-15 000, үхрийн гүзээ кг нь 14 000-15 000 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл дулааны аргаар боловсруулсан буюу амталж, чанаж, вакуумжуулсан үхрийн хэлийг 300 граммыг нь 10 000, хонины сүүлийг 200-300 граммыг нь 8000, бодын гүзээгээр хийсэн ороомог нэг кг нь 30 000, царцаамаг 20 000 орчим төгрөгийн ханштай байна. Энэ нь боловсруулсан бүтээгдэхүүн нь түүхий эдээсээ 2-3 дахин үнэд хүрч буйн жишээ.
Импортоор оруулж ирдэг, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох коллагений үнэ ч хямд биш. Тухайлбал, хүний арьс, хумс, үсний эрүүл мэнд, гоо сайхныг дэмждэг, нөхөн төлжилт, ургалтыг нь идэвхжүүлдэг, Японд үйлдвэрлэсэн коллагенийг 200 гр-ыг нь 40 000, 400 гр-ыг нь 70 000 төгрөгөөр зарж байна. Харин Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн нь хэмжээ, зориулалтаасаа хамаарч дунд зэрэглэлийнх нь 50 000-150 000 төгрөгийн үнэтэй. Коллаген хүний арьсны нийлэгжилтийг хэвээр хадгалан, чанга, уян хатан байлгах гол “цавуу” бөгөөд үе хоорондын холбоос, гагнаас гэдгийг бид мэднэ. Харин эл бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг мал, амьтны тагалцаг буюу үс, хуйхтай хэсгээс гарган авдгийг мэддэг хүн хэр олон бол. Манай улсад жил бүр бог, бодын 80 орчим сая ширхэг шийр, тагалцаг хаягдаж байна.
Малын таван цул, дотор гэдэс, цус зэргээр эм, тан, эрүүл мэнд гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн хийдэг Хятад, БНСУ болон Азийн зарим улс манайхаас мал хөлөөр нь импортлох сонирхлоо байнга илэрхийлдэг. Учир нь тэдгээр улсад энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр, эрэлт их. Гэхдээ манайд одоогоор малаа хөлөөр нь, эсвэл арьс, ширтэй чигээр нь экспортлох боломж байхгүй. Хууль, эрх зүйн хүрээнд ч, малын эрүүл мэндийн шаардлагын улмаас экспорт хязгаарлагдмал хэвээр. Харин дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлох бүрэн боломжтой гэсэн үг. Тэгвэл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааг хэсэг эрдэмтэн, багш хийжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн “Дүүрэн эрхэт” компани, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор С.Сэржмядаг удирдагчтай “Таван цул дотор махан бүтээгдэхүүн” сэдэвт бүтээлийн баг өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуйн сайдын нэрэмжит грант хүртэн, 10 сая төгрөгөөр шагнууллаа. Энэ тухай С.Сэржмядаг “Манай улсад биологийн бохирдол болон хаягдаж буй олон мянган кг салслаг дайвар бүтээгдэхүүн, дотор махыг боловсруулан, үнэ цэнтэй бэлдмэл болгох нь бидний зорилго. Тиймээс цөөнгүй жил судалгаа хийсний үр дүнд хатаах аргаар гүзээ, сархинаг буюу салслаг түүхий эдээс уургийн бэлдмэл, цус болон дотор махнаас төмрийн бэлдмэл гарган авсан. Нэг удаагийн хэрэглээгээр савлан, 13 орчим минут буцалгаад идэх зориулалттай. Гэдэс дотрын үнэрийг нь дарж, ногоогоор баяжуулах зэргээр төрөлжүүлэн, бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн. Малын дайвар бүтээгдэхүүний өгөөж маш их. Уураг, коллаген, төмөр болон бусад эрдсийн агууламж өндөр. Импортын аль ч аминдэмээс дутахгүй. Эн тэргүүнд бид мал, малын гаралтай түүхий эдийн эрүүл мэндээ баталгаажуулж сурталчилах, дараагаар нь малаас гарч буй түүхий эд тус бүрийг боловсруулах цогц үйлдвэртэй болох нь чухал” гэв.
Энд дурдаж буй судалгаа бол дайвар бүтээгдэхүүнээс төмрийн агууламж өндөр хярамцаг, гүзээнээс уураг гаргаж авсан анхны тохиолдол юм байна. Цаашид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг “Дүүрэн эрхэт” компани хариуцах бөгөөд мах боловсруулах иж бүрэн үйлдвэр барихаар төлөвлөн ажиллаж буй гэнэ.
Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихын тулд мах боловсруулах том, жижиг үйлдвэр бүрт ангилан ялгах цех байгуулах ёстой аж. Хэрэв малаас гарсан түүхий эд тус бүрийг эхний ээлжид ангилан ялгаж хэвшвэл дараагийн шатны боловсруулалтад шилжүүлэхэд дөхөм болдог байна. Ангилан ялгах цех нь хөргүүр болон бүтээгдэхүүн тус бүрийн онцлогт тохирсон хадгалах орчин бүрдүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг нэг удаа угаасан усыг хөрсөнд шингээвэл үнэ цэн бүхий бордоо болж өгдөг гэнэ. Харин дараагийн угаалтын өөх, тостой усыг савангийн үйлдвэрт нийлүүлбэл өөх, тосоор нь саван хийх боломж бүрддэг аж. Цэвэрлэгээний явцаас гарсан хаягдал нь ч ашиг тустай учраас аймаг, сумын төвүүдэд байдаг мах боловсруулах үйлдвэрүүдэд тавих ерөнхий шаардлагад малын түүхий эд тус бүрийг ангилан ялгах, хадгалах тоног төхөөрөмж суурилуулах талаар тусгах нь зүйтэй байх нь. Ташрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улс малын дайвар бүтээгдэхүүн 217 000 кг-ыг экспортлон 157 100 ам.долларын орлого олсон бол, ийм түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн худалдан авахад 268 000 “ногоон” зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.