Монгол дахь “Конрад Аденауэр” сангаас Улаанбаатар, Берлин хотод жил бүр ээлжлэн зохион байгуулдаг Монгол, Германы чуулган хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө. Улаанбаатарт болсон энэ удаагийн чуулганаар хоёр улсын ардчилалд тулгарч буй сорилт, боломж, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн тус чуулганыг Ерөнхийлөгч асан П.Очирбат нээж, үг хэлсэн. Тэрбээр Монгол-Германы чуулганы тэргүүнээр ажилладаг аж. ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд, тус улсын Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирсэн бол Монголын талаас УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид зэрэг албаны хүмүүс оролцож, мэдээлэл, саналаа хуваалцав.
Бэлтгэсэн Б.Номын