Жил бүрийн долдугаар сард тохиодог Үндэсний их баяр наадмыг өвчин тахлын улмаас хоёр жил өнжөөсний эцэст энэ зун тэмдэглэхээр зэхэн, хаа сайгүй бэлтгэлээ базааж байна. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг хэрхэн хангаж, ялангуяа хүмүүсийн цугладаг гол цэг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь барилга байгууламж, талбайг яаж засаж, тордож байгааг сонирхлоо.
Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулаад цөөнгүй жил өнгөрсөн. Зөвхөн хурдан морьдын уралдаан гэлтгүй урлагийн тоглолт толилуулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох зорилгоор “Монгол наадам” цогцолбор тэнд байгуулсан. Тус цогцолборын ажилчид нь Хүй долоон худагт иргэдийг хүлээн авах бэлтгэлдээ гараад удсан гэнэ. Уржигдар тэнд 13.00 цагт очиход дээрх цогцолборын 10 гаруй ажилчин шүүр, тосгуур, алчуур, хувин сэлт барин, цахилгаанаар ажилладаг, задгай тэвштэй машинд сууцгаан хөдөлж байсан нь цэвэрлэгээндээ гарч буй хэрэг аж. Тэд ажлын таван өдөрт, өдөр бүр багаараа “Монгол наадам” цогцолборын хашаанд болон морины бариа орчимд засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ хийж байгаа гэнэ. Уржигдрын байдлаар үзэгчдийн сандал болон бусад эд хэрэгсэл будах ажлын 95 хувийг хийж дууссаныг дээрх цогцолборын захиргаанаас мэдээллээ. Мөн явуулын ариун цэврийн байгууламж (40 хүний) суурилуулж эхэлсэн бөгөөд бохир ус соруулах компаниудтай гэрээгээ хийсэн аж. Энэ долоо хоног дуусахад нийт ажлынхаа 70 хувийг гүйцэтгэх, долдугаар сарын 5-наас өмнө бүх ажлаа дуусгахаар төлөвлөжээ. Харин ажиллах хүн цөөн байгаа нь асуудал дагуулж буй гэнэ. Хэдийгээр улирлын чанартай ачаалал нь өсдөг ч “Монгол наадам” цогцолборт цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчнаар ажиллах хүн олддоггүй аж. Өнгөрсөн тавдугаар сараас хойш зар тавиад ч үр дүнд хүрээгүй юм байна. Хүй долоон худгийн 900 га талбайг анхнаас нь дөрвөн бүсэд хуваан тохижуулсан. Одоогоор тэнд 20 000 автомашины хатуу хучилттай зогсоол, 10 мянган хүн хооллон, 5000 хүн үйлчлүүлэх боломжтой худалдаа, үйлчилгээний талбай бий.
Төв цэнгэлдэх хүрээлэнд уржигдар 15.00 цагийн үед очиход агаарын хэм 25-аас давж, нар шарж байлаа. Аагим халуунд ажиллах нь төвөгтэй байгаа бололтой, энд тэнд сүүдэр бараадсан, цэргийн хувцастай залуус хэвтэж харагдсан. Учир нь уг хүрээлэнг засаж, тордоход энэ жил гэрээт цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Өдөрт 34-35 хүн өглөө бүр 06.00 цаг гэхэд ажлаа эхлүүлэн, ид халуунд ийнхүү бага зэрэг амсхийж байгааг ахалж буй нэгэн нь хэлсэн. Тэрбээр “Бидний ажил яггүй байна. Цэнгэлдэхийн 12 000 сандлыг нэгбүрчлэн шалган, элэгдэж, гэмтсэнийг нь сольж байгаа. Өдрийн халуунд ажиллах хүнд учраас 14.00-15.00 цагт залуус хооллон, амардаг. Гэрээт цэргийн алба хаагчдад энд ажилласан цалинг нь олгох юм” гэв. Цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн сандал хүүхдэд зориулсан гэмээр жижиг, мөн хүн хооронд зайгүй шахаж суухаар суурилуулсан нь тухгүй. Гэхдээ энэ нь тэнд аль болох олон хүн багтаах зорилго агуулсан байх талтай. Шинээр сольж буй сандал нь мөн л жижиг, яг өмнөх шигээ хүн хоорондын зайгүй, шахаж суух хэвээрээ аж. Үүнээс гадна цэнгэлдэхийн гадна талыг шохойдон, эвдэрсэн зүйлс, зам талбайг нь засахын зэрэгцээ гэрэлтүүлэг, цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр зориулалтын хувцас өмссөн инженер, техникчид ажиллан, бужигнаж байлаа. Харин эд зүйлс будаж буй хүмүүс тааралдсангүй. Цэнгэлдэх хүрээлэнгийн сандал солихоос илүүтэйгээр нарнаас халхлах хаалт, дээвэртэй болговол зохих юм сан. Нээж, хаадаг дээвэр хийх талаар уг нь олон жил ярьж буй ч үр дүнд хүрээгүй л байна. Мөн улсынхаа их баяр наадмыг тэмдэглэдэг ганц цэнгэлдэхдээ хиймэл зүлэгтэй орон манайхаас өөр байдаггүй болов уу. Хиймэл зүлэг хүнд ээлгүй, агаарын хэм нэмэгдэх хэрээр халж, хайлж байна уу гэлтэй хуванцрын үнэр гаргадгийг холбогдох албаныхан нь мэддэггүй бололтой. Уржигдар биднийг очиход ч хиймэл зүлэг халж, шороо тоос шигсэн харагдсан. Тарималжуулан гарган авсан, хөрстэй нь дэвсээд ургуулж болдог зүлэг их болсон, түүнийг энд суулгаж болдоггүй юм байх даа гэх бодол энэ үед төрөв. Алс хэтдээ цэнгэлдэхийн хиймэл зүлгийг байгалийнхаар сольвол илүү үзэмжтэй, хүнд ээлтэй болно шүү дээ.
Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд барилга олноор барьснаас автомашин зогсох талбай багасжээ. Наадам үзэх 12 000 хүний тал нь автомашинтай очиход зогсоол олдохгүй гэсэн үг. Энэ талаар Хан-Уул дүүргийн XV хорооны иргэн Ц.Энхбаяр “Цэнгэлдэхийн ойролцоо автомашины зогсоол бараг байхгүй. Тиймээс энд ямар нэгэн арга хэмжээ болоход эргэн тойрных нь орон сууц, албан байгууллагын хашаа, үүд хавиар хүмүүс автомашинаа тавин, явах боломжгүй болгодог. Хүй долоон худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн барих талаар ярьж байснаа чимээгүй боллоо. Цаашид энэ цэнгэлдэхээ тордон, суудлын тоог олшруулж, дээвэр хийн, ариун цэврийн байгууламжтай болгон, автомашины зогсоолыг нь шийдвэл сайн сан. Харин дүүрэг, хорооноос баруун тал буюу цэнгэлдэх хүрээлэнгээс “Наадам центр” хүртэлх жижиг талбайг сайн тохижуулж буй. Мод, зүлэг, цэцэг тарихаар сар гаруйн өмнөөс хүмүүс тогтмол ажиллан, улам бүр өнгө үзэмжтэй болгож байгаа нь олзуурхууштай” гэсэн юм.
Наадмын нээлт, хаалтын ёслол, тоглолтод соёл, урлагийн салбарынхан олноороо оролцон, олон түмнээ баясгахыг зорьдог. Дээр дурдсанчлан, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандал солих, засвар хийхтэй зэрэгцэн хөгжим хангинан, өсгөгчөөр хүн ярьж байв. Энэ бол талбайн гол хэсэгт байрлуусан тайзан дээр сургуулилалт хийж буй уран бүтээлчид. Нар хаах дэрвэгэр хүрээтэй, эсвэл саравчтай малгай өмссөн, нарны шил зүүсэн уран бүтээлчид, өсвөр насныхан найруулагчийн дохио зангаа, удирдлага дор гүйж, бүжиглэж, үсэрч харагдав. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, урлагийн тоглолтын ерөнхий найруулагчаар энэ жил Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа. Тэгвэл зохион байгуулагчаар нь С.Энхболд томилогджээ. Тэрбээр “Энэ жилийн наадамд зориулсан урлаг, уран сайхны тоглолтыг толилуулахаар мэргэжлийн урлагийн байгууллагынхан, чөлөөт уран бүтээлчид, цэргийн албаныхан болон сурагч, оюутнууд оролцсон 1000 хүн ажиллаж байна. Бид энэ сарын 25-нд бэлтгэлдээ гарсан. Долдугаар сарын 8 гэхэд бүх ажлаа дуусгах, эцсийн байдлаар бэлэн болгох төлөвлөгөөтэй” гэлээ.
Монгол наадмын нэг гоёл бол үндэсний дээл, хувцас. Дээлээр гоёх дуртай нэгэн бүсгүй наадмын өмсгөлөө бэлтгэн явахтай өчигдөр таарч, ямар загварынхыг, хэдэн төгрөгөөр хийлгэж буйг нь сонирхов. Тэрбээр “Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг үгэнд тун дуртай. Тиймээс жил бүрийн наадмаар энх тунх байж, баярлаж цэнгэж буйдаа талархан, шинэ дээл хийлгэдэг. Энэ жил оёдлын хөлс, материалын үнийг нь оролцуулан 800 000 орчим төгрөгт уламжлалт загвартай, торгон тэрлэг хийлгэлээ. Торго, дурдангийн үнэ гурван жилийн өмнөхөөс их нэмэгдсэн байна” гэв. Ташрамд дурдахад, зах, дэлгүүрүүдэд эмэгтэй хүнд зориулсан, бэлэн дээл дунджаар 200 000, эрэгтэй хүмүүсийнх нь 250 000 төгрөгийн үнэтэй байна.
Бэлтгэсэн С.Цэрэндулам