Афганистанд явуулж буй НАТО-гийн ажиллагаанд оролцож байсан дэд командлагч генерал Петер Фюллер “Politico” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн болчимгүй үгнээсээ болж ажлаасаа халагдсан тухай ВВС дамжуулав. Тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай тэргүүтэй эрх баригчдыг “Хариуцлагагүй, бусдын тусыг үнэлдэггүй, бодит байдлаас ангид бодлого явуулдаг” хэмээн шүүмжилжээ. Афганистан дахь цэргийн хүчнийхэн энэ талаар “Генерал Фюллер хоёр улсын хоорондын харилцааны тухай бус хувийн үзэл бодлоо илэрхийлсэн. Түүний энэ бодлогогүй үг АНУ, Афганистаны харилцаанд цав суулгах ёсгүй” гэж ярьжээ. Дашрамд хэлэхэд, өмнө нь Афганистанд алба хааж байсан генерал Стэнли Маккристал “The Rolling Stone” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Америк, Афганистаны эрх баригчдыг шүүмжилснийхээ дараа мөн албан тушаалаасаа огцорсон билээ.