Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өгөв. 2021 оны зургаадугаар сараас эхлээд өссөн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилтыг авчирсан. Үнийн өсөлтөөс үүдэн УИХ-аас 88 дугаар тогтоол баталж, ажлын хэсэг байгуулан зарим арга хэмжээг авчээ.
Тухайлбал, Уусын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалан 31 төсөл арга хэмжээ хасагдаж, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1 222 төсөл арга хэмжээний жагсаалтыг эцэслэсэн байна. Сайд Б.Мөнхбаатар энэ талаар "Зургаадугаар сарын 15-нд дээрх төслүүдээс 271 төсөл арга хэмжээг хасуулахаар холбогдох сайд нар мэдээллээ өгөөд байна. Урд шөнө 03.00 цагт тоог эцэслээд 851 төсөл арга хэмжээг нэгтгээд компани тус бүрээр дүнг нь гарган Засгийн газарт танилцууллаа. Улмаар 524 төсөл арга хэмжээн дээр магадлал хийсэн. 327 төсөл арга хэмжээ магадлалыг ирүүлээгүй. Барилгын компаниуд зургаан сарын хугацаанд зураг төсөл дээрээ магадлал хийлгэхийг мэдэж байгаа. 105 төслийнхөн баримт бичгээ гаргаж өгөөгүй.
Гадаа зогсож байгаа барилгачдын зовлонг ойлгож байна. Цалин, тээвэр, шатахууны асуудлыг шийдэхгүй байна гэлээ. Бид чадахаараа арга хэмжээ авч байна. Бидэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л тоо хэмжээ бий. Өнгөрсөн саруудад 524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирж байна. Зарим нэг компаниуд барилгын ажил гүйцэтгэх үнийн дүнгээ өсгөж орж ирж асуудал үүсгэж байсан.
Төсөл арга хэмжээний үнийн өсөлтийг Засгийн газарт танилцуулаад ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Үнийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг ярьж эхэлнэ. "Сант-Өндөр" компани нэг тэрбум 999 сая төгрөгийн дүнтэй "Соёмбо" цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл арга хэмжээг хариуцаж байгаа компани бий. Тухайн компанийн үнэ 460 сая төгрөгөөр өссөн байна. "Цагаан бөлбөө" компанийн барих спортын ордны өртөг нэг тэрбум гаруй төгрөгөөр өссөн. Баянхонгор аймагт хүүхдийн сургууль барьж компанийн өртөг нэг тэрбум төгрөгөөр өссөн.
Энэ цаг үед бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тооцлоо. Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Эдийн засгаа том өнцгөөр нь харах хэрэгтэй.
Цементийн үнийг сүүлийн хоёр жил өсгөөгүй барьж чадсан. Дотоодын үйлдвэрлэлийг тавхан хувиар өсгөж ажиллаж байсан. Цементийн үнэд тоног төхөөрөмжийн элэгдэл нөлөөлж байгаа. Томоохон үйлдвэрүүд тулгамдаж буй асуудлаа ярьж байна. Тухайлбал, МАК буталбарын үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж чадахгүй, Эрээн дээр гацаад буй. Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэнтэй ярьсан. Уг үйлдвэрт засвар хийж байгаа, энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулна гэдгийг хэлсэн. Цементийн үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна" гэв.