“Симпл ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 18 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 500 мянган ширхэг, 50 тэрбумын үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдрөөс хүлээн авч эхэллээ. Санал болгож буй үнэт цаасны 40 тэрбум төгрөгтэй тэнцэх дүн бүхий үнэт цаасыг андеррайтер компаниудын тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 10 тэрбумынхыг олон нийтэд хуваарилах аж. Захиалгыг ирэх баасан гараг хүртэл авахаар төлөвлөсөн ч санал болгож буй үнийн дүнд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааг хаах юм байна. Сонирхуулахад, “Симпл ассет ТЗК” ХХК-иас санал болгож буй энэхүү үнэт цаас нь дотоодын хөрөнгийн зах зээлд гарч буй гурав дахь, мөн хамгийн өндөр дүнтэй ХБҮЦ юм.