Монгол Улс үхрийн энцефалопат (BSE) буюу мялзан өвчнөөс ангижирч, үүнийгээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аар баталгаажуулах хүсэлтээ 2007, 2010 онд илгээсэн ч татгалзсан хариу авсан юм байна. Мал эмнэлгийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин ойлгомжгүй, эл өвчний талаарх тандалтгүй, дэгдсэн тохиолдлуудын архивын баримт тодорхой бус, оношлох лабораторийн шинжилгээг хийдэг ч эерэг урвалтайг баталгаажуулах шинжилгээнд хамруулдаггүй, зориулалтын үйлдвэрүүдэд мал төхөөрөхийн өмнө, дараа шинжилгээ, үзлэг тогтмол хийдэг, эсэх нь тодорхойгүй зэрэг шалтгааныг татгалзсан хариу мэдэгдэлдээ дурдаж байжээ.
Тэгвэл 2018 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжүүлж эхлэхийн зэрэгцээ Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулснаар үхрийн мялзангүй болсноо баталгаажуулах ажлыг дахин зохион байгуулжээ. Үүний хүрээнд ажлын хэсэг байгуулж, гурван жилийн хугацаанд тандалт, судалгаа шинжилгээнүүдийг хийж, өсгөврийн сорьцыг CIRAD буюу олон улсын лавлах лабораторид илгээн, шинжлүүлж, үүний хариу болон холбогдох бусад баримт бичиг, тайлангаа өнгөрсөн оны наймдугаар сард ДМАЭМБ-д хүргүүлсэн байна. Энэ бүхний үр дүнд тус байгууллагаас Монгол Улсыг үхрийн мялзан өвчний хамааралгүй болохыг баталгаажуулсан хариултаа ирүүлжээ.
Ташрамд өгүүлэхэд, анх 1985 онд Британид үхрийн мялзан гэх өвчин бүртгэгдсэн аж. Энэ нь тухайн малын төв мэдрэлийн системийг гэмтээж, үхэлд хүргэдэг бөгөөд олон улсын худалдааны хорио цээрт хамруулдаг гоц халдварт өвчин юм.