Нэг хүний амьдралын хувьд 42 жил гэдэг хугацаа мөн шүү. Нүүдэлчин Арабын удмын Муаммар Каддафи гэдэг эр ийм хугацаанд Ливи улсын төрийг тэргүүлсэн байх юм. Түүнийг сая устгаж нэлээн хүний санаа амрав. Хэдийгээр бидэнд зөрүүтэй мэдээлэл дуулдаж буй ч тэрбээр алагдсан нь үнэн бололтой. Ад болсоор байгаа Адольф Гитлер аль 1945 онд амиа хорлосон биш Аргентинд нууцаар гараад 17 жилийн дараа амьсгалаа хураасан гэх мэдээлэл өнөөдөр бидний сонорт ирж буй шиг юм арай болохгүй юм шиг байна. Каддафийг төрөлх хот Сиртийг нь босогчид эзлэх тулааны үеэр алагдсан л гэнэ. Шархдаад биеэ хамгаалах тэнхэлг үй, ухаангүй байхад нь буудсан л гэнэ. Зодож нүдэж тамласан ч гэх шиг. Дайснуудын нь гарт амьд оруулахгүй гэхдээ бие хамгаалагчид нь хороосон гэх мэдээлэл ч тарсан. Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл (ШҮЗ)-ийн тэрг үүн Мустафа Жалиль болохоор түүнийг манайхан цаазлаагүй, шархдаад эмнэлгийн тусламж авч чадалгүй үхсэн гэсэн байна лээ. Тэрбээр гар нь суманд оногдсон байсан гэсэн ч эмч нарын дүгнэлтэд “хэвлий, тархиндаа буудуулсан” гэж бичсэн байжээ. Гадаадад толгой хоргодож буй Аиша хэмээх охин нь аавыгаа амь үрэгдсэнийг дуулаад утас руу нь залгатал нэг хүн аваад “хөгшин удирдагч үхсэн, бүх юм дууссан” гэсэн хариу өгсөн гэх. Гэтэл 20 хүрээгүй настай бандийг дүрс бичлэгээр харуулаад түүний ярьсныг олны сонорт хүргэснээр бол Каддафи эсэн мэнд байж байгаад тэр залуутай тааралдсан гэнэ. Залуу шууд л хурандаагийн нүүр рүү цохиод авч.
Хариуд нь дарангуйлагч “чи миний хүүтэй адил” гэжээ. Залуу дахиад бас цохиж. Каддафи “Би чиний эцэгтэй адил” гэсэн байна. Энэ үнэн бол 42 жил хүний үг сонсож байгаагүй гэх тэр хүн их номхон хүлцэнгүй болсон, чухам л “хулхи нь буучихсан” байсан бололтой. Залуу хурандааг хоёр удаа бууджээ. Нэг сум гэдсэн тус газар нь, нөгөө нь тархинд нь тусаж, хагас цагийн дараа амьсгал хураав гэнэ. Ливийн ерөнхий прокурор хамгийн сүүлд мэдээлснээс үзвэл хурандаа толгой руугаа буудуулж амиа алджээ. Түүний цогцсыг өөрсдөд нь өгөхийг Каддафигийн бэлэвсэн эхнэр Сафиа хүссэн ч эзгүй цөлд лалын шашинтны ёсоор оршуулсан гэсэн мэдээ өчигдөр түгэв. Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэл энэ оны хоёрдугаар сард эхэлсэн юм. Найман сар гаруй байлдсаны эцэст уг дэглэм нурлаа.
Дэглэмийн толгойлогч нь эцсээ хүртэл эх орноосоо гаралгүй үзэлцсээр амиа алдав. Тэрбээр эхнээсээ л ийн амлаж байсан. Түүний гурван хүү, гурван ач нь бас амь үрэгдсэн бололтой. Каддафигийн амийг хороосон явдалд хэрхэн хандаж буйгаа дэлхийн улс орнууд, олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд илэрхийлсээр байна. Каддафигийн дэглэмийг унагах “хэргийг” өдөөсөн Франц, Англи, Америк улсууд мэдээж алга ташиж буй. “Каддафиг шархадсан байхад нь олзолж, дараа нь амийг нь хороосон нь Женевийн конвенцоор хориглосон зүйл. Ливид НАТО-гийн хүчний явуулсан үйл ажиллагаанд олон улсын мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн. Энэ бол ОХУ-ын байр суурь гэсэн үг. Маш нарийн мөрдөн шалгах ёстой гэж НҮБ ч үзсэн.
Дэлхий дахины хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олны сонорт хүргэснээс үзвэл өрнөдийнхний дээдлээд байдаг нөгөө хүний эрх гээч юм Ливид найман сарын турш чухам гишгэлэгдсэн аж. Каддафи дарангуйлагч байжээ. Өөрийг нь буудсан гэх тэр залуугаас хэдхэн насаар ах (27-той) байхдаа хаант засгийг унагааж Ливийн төр, засгийн эрхийг авсан байна. Тэгээд 69 насалтлаа ливичүүдийг тэр атгаж байж. Тэнд аливаа эрх чөлөө хаагдмал, нэг хүний, нэг айлынхны тогтоосон хатуу дэглэм ноёрхож байв. Хурандаагийн өөдөөс үг хэлэх нь битгий хэл эгц харах ч хүн сүүлдээ байхаа больж. Улс орны баялаг ч цөөн хүний гарт төвлөрч. Гэхдээ дэлхийн хамгийн ядуу орон гэж НҮБ албан ёсоор нэрлэж байсан Ливи улс энэ хугацаанд Умард Африкийн хамгийн баян орны нэг болж чадсан байлаа. Инфляцын төвшин хамгийн багатай хэмээгдэн Гиннесийн номд орж байв. Хүний хөгжлийн индексээр Африктаа тэргүүлэгч орон болсон байна.
1951 онд иргэдийнх нь орлого 50 доллараас хэтрэхгүй байсан бол 1980-аад оны үед нэг хүнд ногдох ДНБ-ээр Итали, Сингапур, БНСУ-тай зэрэгцэж иржээ. Хурандаа Каддафид сая хэтэрхий хүмүүн бусаар хандах шиг боллоо. Дарангуйлагчдыг уг нь ард түмнийх нь мэдэлд, шүүхэд өгдөг практик байдаг шүү дээ. Каддафиг тэгсэнгүй. Хувь заяаг нь их яаруу шийдчихлээ. Шилжилтийн үндэсний зөвлөлийнхний, босогчдын үйлдсэн харгис хэрцгий үйлдэл Каддафигийнхаас хавьгүй их болохоор ингэж хандсан ч байж мэднэ гэж зарим хэвлэлд бичиж байна. Шархадсан хүнд эмнэлгийн тусламж үзүүлдэг ёс хаана ч байдаг бус уу. Гэтэл Каддафигийн эрэмдэглэгдсэн цогцсыг олон түмэнд үзүүлж бах таваа хангасан байна. Энэ нь ШҮЗ-ийн үнэн төрхийг харуулаад авлаа. Америк, Англи, Франц тэргүүтэй зарим орон, НАТО Каддафиг ердөө устгахыг л зорив уу гэлтэй хандав. Ливид явуулж буй цэрэг дайны ажиллагааг энэ сарын 31-нд зогсоох шийдвэрийг Каддафиг амь үрэгдсэний маргааш гаргасан нь үүнийг нотолно. АНУ-ын Ерөнхийлөгчдийг “хүний зүрхээр туг тахиж” пиар хийдэг болж байгаа юм биш биз хэмээн хүний эрхийг хамгаалагчид сэрэмжлүүлж байгаа талаар хэвлэлүүд сонордуулж байна.
Тэгээд Саддам Хусейнд Буш хэрхэн хандсаныг, Муаммар Каддафиг Обама хэрхэн устгуулсныг баримт, жишээ болгосон байна лээ. Хэрэв Каддафиг шүүх ажиллагаа явуулсан бол тэрбээр мэдээж өөрийгөө өмгөөлнө. Тэр өмгөөлөл нь Өрнөдийн зарим орныг яллах ажиллагаа болж хувирахаас эмээсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан өөрийнх нь дэглэмийг унагаахын төлөө улайрсан өрнөдийнхний талаар олны сонорт хүрээгүй юм ихийг тэрбээр ярих байсан нь эргэлзээгүй. Барак Обама хурандаатай нэг бус удаа инээмсэглэн уулзаж, Ливид зэвсэг ч өгч байсан гэж дуулсан. Обамаг насаар нь Ерөнхийлөгчөөр ажиллуулахыг Каддафи 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы индрээс санал болгож ч байсан юм билээ. Гэтэл Каддафиг устгасан өдрийг Обама нь “тэмдэглэлт” хэмээн зарлалаа.
Ливид үнэхээр ардчилал авчрах зорилготой байсан ч, газрын тосны арвин нөөцөд нь хорхой нь хүрсэн байсан ч өрнөдийнхөн энэ хүслээ биел үүлэх хамгийн хэрцгий, цус асгаруулсан замыг сонголоо. Ливийн асуудлыг нааштай шийдэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэсэн Африкийн улсуудын холбоо болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Орос, Хятадын байр суурийг ч хайхарсангүй. Өрнөдийнхний дургүйг хүргэх ажил Каддафи ч олныг хийсэн юм билээ. Тэдгээр нь харин Ливи улсынхаа эсрэг байгаагүй. Тивийнхээ орнуудыг нэгтгэсэн Африкийн холбооны улс байгуулах санаа өвөрлөд өг байсан нь өрнөдийнхний араанд зуугдах нэг шалтгаан болсон гэдэг. Энэ зорилгодоо бүс нутгийн нөлөө бүхий орон Египетийг татан оролцуулах гэж хурандаа аргаа барахдаа халдан довтолж ч үзсэн. Тусыг эс олсон. Каддафи бас цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байжээ. Олон улсын террорист бүлэглэлүүдийг тэр санхүүжүүлж байна гэж сэжиглэснээс Рональд Рейган Ерөнхийлөгч байхдаа сүрхий бухимдаж, түүнийг “галзуу нохой” гэж нэрлэсэн нь хожмоо хоч нь болж үлдсэн. Дэлхийн газрын тосны 60 орчим хувь нь байдаг Ойрхи Дорнодод АНУ болон НАТО сүр хүчээ харуулахыг оролдоод байдаг нь санамсаргүй юм биш нь тодорхой. Иракт хэрхэн хандсаныг нь дэлхий мэднэ.
Дараагийн бай нь Саудын Араб байхыг үгүйсгэх аргагүй. Арабын ертөнц өнгөрсөн хавраас донсолсон. Дарангуйлагч удирдагч, ардчилалгүй дэглэмээсээ салах гэсэн үйл явц зарим оронд үр дүнд хүрч буй. Харин Ливи яах бол гэсэн асуулт дэлхийн олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Каддафи үгүй болсноор Ливид сайн сайхан байдал тогтоно гэдэгт итгэх хүн тун ховор байна. Өрнөдийнх өн болохоор гаднын хөрөнг ө оруулалтаар хөгжиж, ардчилалтай хүчирхэг улс болно гэж өнгөн дээрээ хэлж буй ч бүх юм урд бий гэдгийг тэд хэнээс ч илүү мэдэж байх учиртай. Яагаад гэвэл тэд үүнийг сануулах үйл явдал олныг үйлдсэн. Хамгийн сүүлчийнх нь Ирак шив дээ. Ливичүүдийг олон сорилт хүлээж буй. Цаашид ямар Ливи байхыг одоо тааж хэлэхэд хэцүү. Каддафи алагдсан ч түүнийг дэмжигчид, түүнд үнэнч хүмүүс цөөнгүй үлдсэн. “Одоо хоёр хүн үлдчихээд байна” гэж ШҮЗ-ийн тэргүүн хэлсэн байсан.
Тэр хоёр нь Каддафигийн хүү Саиф аль-Ислам, Абдула Сануси нар. Эд тэмцлийг үргэлжлүүлэх магадлал өндөр. Тэдэнд хүн хүч ч, зэвсэг ч бий. Ерөөс саяын дайн ливи хүн бүрийн гарт зэвсэг атгуулсан. Омог, овгийн харилцаан дээр тогтдог түвэгтэй нийгмийг энэ байдал иргэний дайнд хүргэж ч мэднэ. Каддафигийн үед номхон байсан үндэстэн ястнууд задгай зайдан болсон нөхцөл байдлыг ашиглан толгойгоо өндийлгөж тусгаар улс болохоор бэлтгээд эхэлсэн сураг бий. Каддафи болон түүний талынхны эсрэг нэгдээд байсан тэд одоо тус тусын замаа хөөхөөр шийдсэн байна. Ингээд бодохоор хоёр дахь Ирак болох ирээдүй Ливийг хүлээж байж тун болзошгүй. Эрх мэдлийн төлөөх тэмцэл ливичүүдийн хооронд өрнөх нь маргаангүй. Энэ эгзэгтэй үед омог, овгуудын хоорондох зөрчил ч сэдэрч магадгүй. Хэт туйлширсан лалын хөдөлгөөнүүд Ливийн ирээдүйд заналхийлэх аюултай. “Босогчид” гэж нэрлээд байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь “Лалын ахан дүүс” хэмээх харгис бүлгийн гишүүд байгаа гэсэн мэдээлэл байгаа.
Тус хөдөлгөөнийг дэмждэг хамгийн нөлөө бүхий хүн нь Триполи дахь босогчдын удирдагч юм гэнэ лээ. Ирээдүйн Засгийн газарт томоохон албан тушаал горьдож буй гэх тэрбээр ШҮЗ хийгээд НАТО-гийн өстөн дайсан гэгддэг юм билээ. АНУ-ын аюултай дайснуудын нэг “Ливийн исламын тулалдах бүлгэм” гээчийг бас энэ хүн толгойлдог гэж байгаа. Түүнийг Каддафитай мөчөөрхөлцөж явахад нь хайхраагүй өрнөдийнхөнд тэрбээр хорсол өвөрлөж явдаг нь мэдээж. Өрнөдийнхөн болоод НАТО ийм л газар шүдэнз зурж, түймэр тавьчихаад л яваад өглөө. Гэтэл найман сарын дараа ардчилсан сонгууль явуулж, Шариатын хуулийг баримталдаг төр, засгаа бүрдүүлнэ гэж зарласан байдаг…