Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс Монголын хөрөнгийн бирж хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулсан тухайгаа мэдээлэв. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сангууд тус биржид нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхдээ төлдөг байсан үйлчилгээний хөлс нэг хувь байсныг 0.25-0.5 (25-150 сая төгрөг) болгон 50-75 хувиар бууруулжээ. Мөн хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлс 0.1 хувь байсныг 0.05 (<50 сая төгрөг) болгож, 50 хувиар багасгасан аж. Ингэснээр сангуудын оролцоо нэмэгдэж, зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулагч олшрох нөхцөл бүрдүүлэх нөлөөтэй гэнэ.
Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн өнгөрсөн сард болсон хурлаар компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40, компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулахаар болжээ. Бас анхдагч зах зээлийн арилжааг илүү уян хатан нөхцөлтэй болгож, хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагч 0.15-0.4 хувийн шимтгэл төлдөг байсныг тэглэх зэрэг өөрчлөлт оруулсан байна. Сонирхуулахад, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж буй аж. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5 хувиар буурах нь.
Б.СОНОР