Манай орны нийт нутгийн 40 хувьд газрын гарц сайн буюу бэлчээрийн ургамал хэвийн ургаж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Үүнд Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сум хамрагджээ. Түүнчлэн нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц дунд зэрэг гэнэ. Харин 20 орчим хувьд нь газрын гарц тааруу байгаа юм. Дорноговь, Дундговь, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим сум энэ хэсэгт хамрагдаж буй. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлчээрийн ургамлын гарц илүү сайн байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн тавдугаар сарын төгсгөлд нийт нутгийн 30 гаруй хувьд газрын гарц сайн, 30 хувьд нь тааруу, бусад хэсэгт дундаж түвшинд байжээ.