Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрийн хяналт шалгалтын талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд зарим үүрэг чиглэлийг өгсөн.
Мах махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг. Сүүлийн 3 жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан, үхэр хонь, ямааны мах зэрэг 106 мянган тонн бүтээгдэхүүн экспортолж, 245 мянган сая ам.долларын орлого олсон байна.
МХЕГ иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд СХД-ийн Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" ХХК-ийн үйлдвэрийн орчин, хүлээн авах, мах боловсруулах технологийн үйл ажиллагаатай танилцсан талаар засгийн газрын хуралдаанаар мэдээлэл өгсөн. Шалгалтаар тухайн үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технологийн үйл ажиллагаа бүртгэл хөтлөөгүй, дотоодод хяналт тавьдаггүй, мэргэжлийн ажилтан байхгүй нь тогтоогдсон. МХЕГ-аас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, хуулийн байгууллагааар шалгуулахаар болсон. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн" гэж хэллээ.