Засгийн газар хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгтэй холбоотой гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Сугалаагүйгээр цэцэрлэгт явах шийдэл гаргах ёстой. Сугалаагаар цэцэрлэгт орох гурван үндэслэл бий. Нэгдүүгээрт, манайхан бүртгэл буруу гаргадаг. Хоёрдугаарт, бүртгэл буруу учраас төлөвлөлт буруу. Гуравдугаарт, санхүүжилтийн механизм буруу учраас хүүхдүүдийг сугалаагаар цэцэрлэгт хамруулж ирсэн. 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 305 000 хүүхэд улсад байсан. Үүнээс 2-5 настай 237 мянган хүүхдээс 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаана 68 557 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Нийслэлд 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Гэтэл нийслэлд 647 цэцэрлэгт 104 мянган хүүхэд л авах хүчин чадалтай. Үлдсэн 34 485 хүүхэд сугалаагаар орох эрсдэлтэй. Үүнээс хоёр настай нь 24 000 хүүхэд. Энэ намар нэгдүгээрт, улс, нийслэлийн төсвөөр 20 цэцэрлэгт барьж, 3000 хүүхэд авна. Хоёрдугаарт, тодорхой байрууд түрээслэж, цэцэрлэг ажиллуулна. Ирэх долоо хоногт түрээслэх байрны тоо судалгаа гаргана.
Орон сууцын нэг давхруудыг худалдаж авна. Мөн гэр цэцэрлэгүүдийг ашиглана. Гэр цэцэрлэг ашиглах хугацаа 15 жилийн хугацаатай. 100 хүүхдийн цэцэрлэг барихад газар авах мөнгө тооцохгүй, 1.8 тэрбум төгрөг зарцуулж, барилгаа 3 жил барьдаг. 100 хүүхдийн гэр цэцэрлэг баривал 1 300 сая төгрөг зарцуулж, 3-5 сар барина. Ингээд 15 жил ашиглана. Байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар тэтгэнэ. Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж, өгөхөөс гадна хоолны мөнгө олгоно. Тиймээс хувийн цэцэрлэгт та хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч болно. Мөн цэцэрлэгийн 1000 багш хэрэгтэй. Тиймээс төгсөх ангийн оюутнуудад ажиллангаа суралцаж, кредитээ авах боломж олгоно. Хамран сурах тойргийг шинээр төлөвлөнө. Иргэд хамран сурах тойрогтоо хүүхдээ өгөхгүй, өөр газар өгөөд байгааг цэгцэлнэ.