Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцсэн. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаас Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Ажлын хэсэг байгуулах, ялангуяа сүүлийн үед яригдаад байгаа мах, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас хүн амын хүнсний хэрэгцээг хангах цогц асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Би өчигдөр МХЕГ, ШӨХТГ-ын дарга нартай уулзсан. Зарим иргэдийн гомдолтой холбоотойгоор үйлдвэрт хяналт, шалгалт хийх даалгавар өгсөн. Цаашид тогтмол хяналт, шалгалтыг хийж байх шаардлагатай.
Эмээлт орчимд нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр бий. Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуй байна. Гэхдээ эдгээр аж ахуй нэгжид зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй асуудал зөндөө байна. Анх удаа ч яригдаж байгаа асуудал биш юм. Иймд нэгдсэн стандартад оруулж, энэ асуудлыг цогцоор нь шийднэ" гэв.