БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Архангай аймгийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан гэнэ. Тодорхой хэлбэл, 8 дугаар цэцэрлэг, 14 дүгээр цэцэрлэг, Архангай аймгийн МСҮТ, “Гурван тамир” МСҮТ, “Булган” МСҮТ, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцлаа. Архангай аймагт төрийн өмчийн нэг МСҮТ, хоёр хувийн МСҮТ бий. Төрийн өмчит МСҮТ нь 50 жилийн түүхтэй, 450 хүүхдийн хичээлийн байр, 250 хүүхдийн дотуур байртай, долоон чадамжийн төвтэй хотхон хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь 70 хувьтай аж. МСҮТ-ийн удирдлагын зүгээс спорт заал болон хоолны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. “Гурван тамир” МСҮТ-ийн хувьд мал аж ахуй, тэр дундаа малын бага эмч бэлтгэдгээрээ онцлог. Энэ мэргэжлийн ангиллыг ахиулах шаардлагаг байгааг хэлж байв. Одоогоор нийт 200 гаруй оюутан суралцаж байна. Харин “Булган” МСҮТ 11 мэргэжлээр, 350 гаруй оюутныг бэлтгэж байгаа юм.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга эдгээр МСҮТ-ийн удирлагуудад хандан, сургуулийн үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолтой уялдуулж ажиллах бодлого баримтална. Цаашид хөтөлбөрийн давхардалгүй болоход анхаарч ажиллах, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэнэ гэдгийг хэллээ. Мөн багшийг чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллах ёстойг дурдсан юм. 8, 14 дүгээр цэцэрлэгийн хувьд мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан учир шинээр барих болон засварлах шаардлага үүсжээ. 8 дугаар цэцэрлэгийн тухайд 160 хүүхдийг хувийн цэцэрлэгт шилжүүлээд байгаа аж. Харин 14 дүгээр цэцэрлэг 140 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн нарийн бичгийн дарга цэцэрлэгүүдийг мэргэжлийн хяналтын дүгнэлтийг дахин гаргуулж, барилга буулгах зардлыг тооцон төсөвт суулгахыг санууллаа.