Ливийн Жамахирийн удирдагч асан М.Каддафийн цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгнө хэмээн тус улсын Шилжилтийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ахмед Жибриль мэдэгдсэнийг АР уламжиллаа. М.Каддафийн гэр бүлийнхэн болон хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд хурандааг төрөлх хот Сиртэд нь лалын шашны заншлын дагуу оршуулахыг босогчдоос хүссэн байна. Босогчид Сирт хотын оршин суугчидтай энэ талаар хэлэлцэж цогцсыг нь хэнд өгөхийг шийдэх гэнэ. “Бид энэ асуудлыг аль болох хурдан шийдэхийг хичээнэ. Гэвч хэдэн цагийн дотор шийдвэр гаргах боломжгүй” хэмээн Ахмед Жибриль өгүүлэв. Лалын шашны заншлаар талийгаачийг нас барснаас нь хойш нэг хоногийн дотор оршуулдаг аж. Гэтэл хүний эрхийг хамгаалах байгууллагууд түүний цогцост задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тодруулахыг шаардаж байгаа зэрэг олон шалтгаанаар оршуулах ёслол хойшлогдсоор байна. Түүний зэрэгцээ Ливийн удирдагч агсныг “Аль-Каида”-гийн толгойлогч Осама бин Ладеныг оршуулсан шиг цогцсыг нь далайд живүүлж магадгүй хэмээн ажиглагчид онцолжээ. Талийгаачийг хаана ч оршуулсан бай энэ талаар хэсэгтээ нууцлах нь зүй хэмээн босогчид үзэж байгаа аж. Учир нь түүнийг дэмжиж байсан хүмүүс хурандаагийн булшийг мөргөлийн газар болгож магадгүй гэнэ. Дашрамд хэлэхэд, М.Каддафийн цогцсыг одоо Мисурата хотын нэгэн дэлгүүрийн хөлдөөгчид хадгалж байгаа гэнэ.