Ливийн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн, Жамахирийн тэргүүн, хурандаа М.Каддафи төрөлх хот Сиртдээ “тэнэсэн суманд өртөн” амиа алдсан тухай энэ сарын 20-нд Шилжилтийн үндэсний зөвлөл мэдэгдлээ. Төрийн эрхийг 42 жил барь сан тэрбээр хувьсгалч баатар, олон улсад ад үзэгдсэн хүн, стратегийн чухал түнш байж үзэв. Төр барих өөрийн гэсэн философийг бий болгон, үүнийгээ Платон, Марксын бүтээлүүдтэй дүйцэхүйц хэмээн үздэг асан М.Каддафи хэлсэн үг, хийсэн үйлдэл, өмссөн хувцсаараа олноос ялгарч, хэл амны бай болж, бас магтаал сонсож явжээ. Араб, Ойрхи Дорнодын орнуудын улс төр, нийгмийн сэтгэлгээг судалдаг мэргэжилтнүүд М.Каддафийг “Пикассо” гэж нэрлэдэг. 1969 онд Ливид цус урсгалгүйгээр төрийн эргэлт хийн Египетийн удирдагч асан Гамаль Насерийн жишгээр эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Энэ бүхний дүнд тус улс газрын тос, баялгаасаа хүртэх хувиа нэмэгдүүлэн хөгжсөн юм.
Гэхдээ Ливид Жамахирийн дэглэм тогтсоноос хойш сүүлийн 20 гаруй жилд М.Каддафи болон түүний гэр бүлийнхэн улс төрийн бүх эрх мэдлийг гартаа авч, авлига хээл хахууль газар авч, ард иргэд нь ядуурав. Нийгэм дэх шударга бус байдал, М.Каддафийн дэглэмийг шүүмжилсэн хэн боловч шийтгүүлдэг болжээ. Энэ оны нэг, хоёрдугаар сард Тунис, Египетээс эхэлсэн мэлрэг цэцгийн хувьсгал Арабын бусад орон, тэр дундаа Ливид ч халдварласан билээ. Сүүлийн долоон сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээн, тулааны эцэст М.Каддафийн дэглэм нурж, түүний гэр бүл эх орноосоо дүрвэн гарсан. М.Каддафийн хоёр хүү, зээ нар нь ч НАТО-гийн бөмбөгдөлтөд өртжээ. М.Каддафи босогч - доос нуугдаж, сөрөг хүчнийхэн ч түүний хаана байгааг тогтоохоор багагүй зүтгэсэн. Өчигдөр Барууны хэвлэл үүдэд “Дарангуйлагч нас барлаа”, “Дарангуйлагчийн үхэл зайлшгүй байв” гэсэн гар чиг тай мэдээллүүд хө- вөрч, Триполи, Сирт, Бенгазид босогчид баяр хийв. Венесуэлийн Ерөнхийлөгч “М.Каддафийг баривчлан хөнөөсөн нь хүний эрхийг зөрчсөн явдал” хэмээн мэдэгдэж, эмгэнэл илэрхийлэн, М.Каддафигүй Ливийн талаар тоймчид, шинжээчид олон янзын таамаглал дэвшүүлж буй.
“ТЭНЭСЭН СУМ”
Ливийн дийлэнх хэсгийг босогчид эзэлсний дараа М.Каддафийн дэглэм нурсан нь ойлгомжтой болсон юм. Хурандааг барьсан тохиолдолд түүнд ямар шийтгэл ногдуулах талаар маргалдаж, олон янзын таамаг дэвшүүлж байв. Түүнийг Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак шиг байж болох бүх л зүйл ангиар буруутган цаазаар авах ял оноох, эсвэл Олон улсын шүүхэд шилжүүлэх, үгүй бол ард түмний мэдэлд шилжүүлнэ гэсэн хувилбарууд гарч ирж байлаа. М.Каддафийн үхлийн талаар Шилжилтийн үндэсний зөвлөлийн мэдэгдсэн, гадаадын хэвлэлүүдэд бичсэн хоёр зөрүүтэй. Түүнийг баривчилсны дараа “тэнэсэн суманд өртөж”, толгойдоо шархадсны улмаас нас барсан гэж босогчид өгүүлжээ. Харин гадаадын хэвлэлүүдэд түүнийг хөлсний алуурчин буудсан, өөрийнх нь цэргүүд хороосон хэмээн олон янзаар бичсэн байна.
“Al Arabiya” телевизийн мэдээлснээр 18 настай Ахмед аш-Шайбани алтан буугаар М.Каддафийг буудан хөнөөсөн гэнэ. М.Каддафийн амьдралын сүүлчийн хормыг буулгасан видео бичлэг, мөн цогцосных нь зургийг интернэтэд тавьжээ. Ливийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хэлснээр М.Каддафийг түүний цэргүүд хөнөөсөн, эсвэл тэнэсэн суманд өртсөн эсэх талаар шинжээч эмч нар тодорхой зүйл хэлээгүй аж. Хурандаагийн хүү Мутассим, Сайф аль-Ислам нар эцэгтэйгээ хамт Сирт хотод нуугдаж байсан бөгөөд нэг нь алагдаж, нөгөө нь сураггүй болсон хэмээн ВВС уламжлав. НҮБ-ын Ерөнхийнарийн бичгийн дарга “Ливичүүд одоо өшөө авах бус хоорондоо эвлэрэхийн төлөө байх ёстой” гэжээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Ливийн ард түмэнд сайхан ирээдүйг бүтээх боломж олдлоо гэж онцлов. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Тус улсын түүхэнд шинэ хуудас нээгдлээ” гэсэн бол Францын Төрийн тэргүүн “Ардчиллыг хөгжүүлж, эрх тэгш байдлыг бий болгох нь чухал” хэмээсэн аж.