Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өмнө нь уг хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүд асуулт тавьж, үг хэлэн, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр санал хураагаад байв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж, горимын санал гаргасан юм. Тэрбээр “Манай бүлэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийнхээ саналыг нэгтгэх шаардлагатай тул завсарлага авсан. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэнч төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзсэн” хэмээв. Мөн тэрбээр өмнөх хуралдааны үеэр хуулийн төслийн талаарх санал хураалтад техникийн саатал гарсан тул хүчингүй болгох горимын саналыг гаргасан юм. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2021 оны сүүлчээр Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж гарснаас Засгийн газрынх 8.4 тэрбум ам.доллар байна. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөв дээр 905 тэрбум төгрөг суулгаснаа 365 хоногт хуваахаар 2.5 тэрбум төгрөг болох тооцоолол бий. Манай зээлжих зэрэглэлийг B3 буюу тогтвортой, хэвийн гэж тогтоосон нь Засгийн газрын зүгээс өрийн менежментийг хуулийн дагуу, оновчтой явуулж буй нь харагдана. Үлдсэн өрийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд төлж байгаа” хэмээн тодотгов. Мөн тэрбээр төрийн албан хаагчдын цалинг 2023 онд нэмнэ гэж байгаа ч хэрхэн, ямар арга хэмжээ авахыг ирэх оны төсвийг хэлэлцэх үед нухацтай ярилцана. Харин төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцыг найман хувьтай байхаар тооцсон. Энэ оны төсвийг хэлэлцэх үед инфляцыг мөн л энэ хувьд барина гэж Засгийн газар, Монголбанкныхан мэдэгдэж, бодлогын баримт бичгээ батлуулсан. Одоо инфляц 15, оны эцэст 17 хувьд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Иймд бодлогын алдаа хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооцож, үнийн өсөлт, ханшийн уналтын алдааг нь засаж, залруулахад онцгойлон анхаарч ажиллах ёстой” хэмээж байлаа. Харин уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийнхний зүгээс буцалтгүй тусламжийг 2023 онд 560 тэрбум төгрөг гэж төсөөлж буйг дурдав.
Дараа нь Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг баталлаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.