Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын бүх багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх үйл ажиллагааг өчигдрөөс орон даяар эхлүүллээ. Үнэлгээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 27-ныг дуусталх хугацаанд нийт 654 сургуулийн 30 111 багшийг хамруулахаар төлөвлөсөн байна. Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг суралцагчийн мэдлэг, төлөвшил, багшийн мэргэжлийн хөгжил, сургууль ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр үнэлж буй аж. Үүнийг бичгийн шалгалт, асуулга гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулж байгаа гэнэ. Тодруулбал, багшийн ажлыг үнэлэхийн тулд сурагчид, эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, хамтран ажиллагсдыг нь ч хамруулж, асуулга авч буй юм байна. Үүнд давхардсан тоогоор 600 000 орчим сурагч, 350 000 гаруй эцэг эх, асран хамгаалагч, 2500 удирдах ажилтныг хамруулж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв.6
Тус төвийн захирал Л.Ганбат “Төрийн өмчийн сургуульд ажиллаж байгаа бүх багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж, үүний үр дүнд суурилсан цалин, урамшууллын систем нэвтрүүлэх нь уг ажлын гол зорилго. Монгол Улсын боловсролын салбарт анх удаа ийм өргөн хүрээний, томоохон үнэлгээ хийж байна. Энэ нь боловсролын реформыг эхлүүлэх суурь ажлуудын нэг болж буйгаараа онцлогтой. Үнэлгээний үр дүнд суурилан багшийн цалинг хасах, хариуцлага тооцох асуудал байхгүй. Харин үнэлгээнд тулгуурлан сургалтын чанарыг сайжруулах, хоцрогдлыг нөхөх зэрэг бодлогын түвшний арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Түүнчлэн ерөнхий боловсролын сургалтын системийн мэдээллийн томоохон сан бүрдүүлэхээрээ онцлог” гэв. Ташрамд дурдахад, өмнөх жилүүдэд нийт багш нарын 20 орчим хувийг л ийм үнэлгээнд хамруулж байжээ.