Венесуэлийн “Эль-Родео” шоронд энэ онд гарсан бослогыг үзүүлсэн “Globovision” телевизийг хоёр сая ам.доллараар торгожээ. Тус улсын Мэдээлэл харилцааны үндэсний газрын удирдлага “Үйл явдлыг сурвалжлахдаа гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж, олон нийтэд түгшүүр төрүүлсэн” хэмээн тус телевизийнхнийг буруутгасан аж.
“Globovision” бослого гаргасан хоригдлуудын ар гэрийнхний сэтгэгдлийг телевизээр шууд дамжуулсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан билээ. Тус телевизийн захирал ийм их хэмжээний торгууль төлөх санхүүгийн чадвар байхгүйгээ илэрхийлсэн байна. АНУ, Өмнөд Америкийн орнуудад нэвтрүүлгээ цацдаг уг телевизийнхэн Венесуэлийн эрх баригчдыг шүүмжлэн, сөрөг хүчнийхнийг дэмжсэн өнгө аястай мэдээ, мэдээлэл түлхүү гаргадаг юм.