АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ливид албан ёсоор айлчилж байгаа тухай “Reuters” мэдээлжээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Шилжилтийн үндэсний зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль, түр Засгийн газрын тэргүүн Махмуд Жибриль, Санхүү, газрын тосны сайд Али Тархуни нартай уулзсан аж. Тэд Ливийн эдийн засаг, газрын тосны үйлдвэрлэлийг сэргээх талаар санал солилцож, парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулах талаар зөвлөлджээ.
Ливийн удирдагч асан М.Каддафийн армийн зэвсгийн агуулахуудыг хайж олох, устгахад зориулан 10 сая ам.доллар нэмж олгохоо Хиллари Клинтон мэдэгдсэн байна. Өмнө нь АНУ энэ ажилд зориулан 30 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан билээ. Төрийн нарийн бичгийн даргын үзэж буйгаар Ливийн газар нутагт байгаа энэ зэвсэг алан хядагчид, террорист бүлэглэлүүдийн гарт орох магадлал өндөр тул ойрын хугацаанд хайж олох, устгах шаардлагатай гэнэ. Мөн олон улсын байгууллагаас ирж буй хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга замын талаар хоёр тал хэлэлцжээ.
Х.ОД