УИХ-ын гишүүн Т.Доржханд санаачилж, Үндсэн хууль болон өөр бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тогтолцооны шинжтэй суурь өөрчлөлт хийх санаачилга гаргасан. Улмаар үүнийг дэмжсэн 100 мянган хүний гарын үсгийг холбогдох шаардлагын хамт УИХ-д хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар эрдэмтэд, судлаачид, хуульчдын саналыг сонсох хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Сонгуулийн тогтолцоотой холбоотой эл асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулаад буй бөгөөд тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ахалж байна.
Энэ бол шаардлагад тусгасан таван зүйлийн нэг нь. Ер нь байнгын сэдэв болсон асуудал юм. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр үүнийг хэлэлцэж, санал хураалт ч явуулж байв. Шаардлагад тусгасан бусад асуудлаар тал талын төлөөлөлтэй энэ мэт хэлэлцүүлгийг ойрын үед цуврал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэдгээрээс гаргасан дүгнэлтээ энэ сарын 31 гэхэд УИХ-ын удирдлагад танилцуулах юм байна. Хэлэлцүүлгийн үеэр зарим хүний илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе.
Н.Мягмарцоож (МУБИС-ийн дэд захирал, улс төр судлаач): -Бид төлөөллийн ардчиллыг сонгосон. Түүгээр замнаж явна. Энэ бол иргэд, сонгогчдыг төлөөлүүлэх тухай л ойлголт шүү дээ. Уг эрхийг нь хангахын тулд сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх ёстой. Жишээ нь, 2016 оны сонгуулиар нэг нам парламентын нийт суудлын 85 хувийг авсан ч сонгогчдын 40 гаруй хувийнх нь дэмжлэгийг хүлээсэн байдаг. Ер нь сонгогчдоос авсан хувиар нь хэлбэл, дээд тал нь 68, доод тал нь 29 хувь буюу дунджаар 49 хувьтай л байдаг. Өнгөрсөн сонгуулиар ч ялгаагүй. УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо авсан саналынх нь хувь мөн л ийм гарсан. Хамгийн өндөр санал авсан нь 71, бага нь 27 хувьтай байх жишээтэй. Хамгийн гол нь сонгогчдын төлөөлөл хангагдаж байна уу гэдгийг л харах хэрэгтэй. Гэтэл 2012 онд холимог тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнд хамгийн дээд тал нь 34 хувийн санал авсан таван нам парламентад суудалтай болсон шүү дээ. Мэдээж сонгуульд газар нутгийг нь харгалзан төлөөлөх чадварыг нь хангах ёстой.
Ц.Мөнхцэцэг (УИХ-ын гишүүн): -Тантай санал нэг байна. 76 тойрог бүхий мажоритар тогтолцоо нь газар нутгийн төлөөллийг сайн хангаж байгаа. Харамсалтай нь, хүн амын хувьд тэгш бус төлөөлөл бүрдүүлж байгаа. Жишээ нь, нийслэлийн нэг тойрог дунджаар 99 мянган сонгогчтой бол аймаг, орон нутагт 55 мянга байдаг. Зарим тойрог 40 мянган сонгогчтой байх жишээтэй. Миний хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэж үздэг.
П.Амаржаргал (хуульч, судлаач): -Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хуулиа шинэчилж, санхүүжилтийнх нь эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Одоо манайд намын нэр хүнд уначихаад байна. Ийм үед сонгуулийн тогтолцоог сайжруулаад ч үр дүнд хүрэх үү. Нөгөө талаас сонгуулийн пропорциональ тогтолцоог авч хэрэглэхдээ болгоомжтой хандах учиртай. Үүгээр бие даагчид болон “жижиг” намуудын төлөөлөл олноор гарч ирэх бололцоо бүрддэг. Ийм тохиолдолд Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэх зэргээр бодолцох учиртай. Манайхан зөвшилцлийг хэр сайн хийдэг билээ дээ. Судлаачдын хэлээд байгаа тойрог дахь сонгогчдын тоо асар зөрүүтэй байгааг арилгах шаардлагатай. 20 мянган сонгогчтой тойргоос гарч ирсэн гишүүн ч байгаа шүү дээ. Эцэст нь хэлэхэд, хоёр танхимт парламентын тогтолцоо муу хувилбар биш. Үүнийг нэвтрүүлбэл хэр үр дүнтэй байх бол. Ер нь зөв хэрэгжүүлбэл мажоритар тогтолцоо ч муу биш.
Ц.Мөнхцэцэг: -Тантай санал нэг байна. Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ерөнхийлөгч үүнийг удахгүй өргөн барина. Уг төслийн 60 хувийг улс төрийн намын санхүүжилттэй холбоотой зүйл, заалтууд эзэлж буй. Улс төрийн намын тухай хуулийг өөрчилснөөр реформ болж чадна гэж найдаж байгаа. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд эхэлбэл бусад бүх хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийг зогсоодог учраас цаг хугацааны хувьд аль нь урдаа орохыг хэлж мэдэхгүй байна.
Г.Чулуунбаатар (Академич): -Нийгэм, олон нийтийн сэтгэл зүйд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн нь давамгайлж байна гэж буй нь хэр бодитой вэ. Үүнийг 100 мянган хүний гарын үсгээр нотолж, баталгаажуулаад байгаад эргэлзэж байна. Үнэхээр нийгмийн сэтгэл зүй ийм болчихсон гэж ярихдаа тулбал бол нухацтай санал асуулга явуулах ч юм уу, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах ёстой. Ер нь сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд Үндсэн хууль яг ямар саад болоод байгааг тодорхойлох хэрэгтэй. Үндсэн хуульд “Шууд сонгоно” гээд заачихсан зүйлээр Үндсэн хуулийн цэц “тоглоод” байна гэж тайлбарладаг шүү дээ. Уг нь сонгуулийн тогтолцоог яаж өөрчлөх эрх нь УИХ-д бий. Цэцийн 2016 оны 05 дугаар тогтоол буюу холимог тогтолцоог үгүйсгэсэн тогтоолыг хүчингүй болгох ёстой. Ер нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж удаан ярилаа. 2016 онд бүр Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, гурван сар ажилласан шүү дээ. Ажлын хэсгийнхэн олон чухал санал тусгаад УИХ-д илгээдэг ч хэлэлцүүлгийн явцад гээгдэж, алга болдог. Өмнө нь хийсэн, ярьсан зүйлээ эргэж сайн харах хэрэгтэй.
Н.Энхболд (УИХ-ын гишүүн): -Хоёр танхимт парламентын талаар үе үе хөндөж ирсэн. Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Ж.Гомбожав гуай энэ асуудлын талаар УИХ-д саналаа бичгээр илгээсэн байна лээ. Гэхдээ холбооны өмнөөс биш, өөрийнхөө байр суурийг илэрхийлснээ тодотгосон. Үүний талаар УИХ-ын удирдлагын түвшинд ярилцлаа. Хоёр танхимт парламенттай болох нь төрийн тогтолцоог тэр чигт нь өөрчлөх үр дагавартай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар үндсэн зарчим, төрийн байгуулалтын хэлбэрийг өөрчлөх ёсгүй. Тэгээд ч шинэ Үндсэн хуультай болох нөхцөл байдал үүсээгүй гэж харж буй. Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбоотойгоор хувийн байр сууриа илэрхийлье. Сонгуулийн тогтолцоотой холбоотой хоёр ч дүгнэлтийг Цэц гаргасан байдаг. Гэхдээ тэр хоёр нь өөр. Холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулж, УИХ-ыг бүрдүүлчихээд байхад дараа нь “Энэ хувилбар болохгүй” гээд мажоритар тогтолцоог сонгохоос өөр аргагүй болгосон. Гол саад энд л байна. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр ч сонгуулийн тогтолцооны талаар тусгаж, ямар хувилбар сонгохоо УИХ шийдээд явахаар хуульчилъя гэж ярилцсан ч хэлэлцүүлгийн төгсгөлд хасчихсан. Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах үед төслийг нь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг би ахалж байсан юм. Тогтолцоог өөрчилснөөр маш том дэвшил боллоо гэж ярьж байсан ч 2016 онд эрх баригчид хуулийг нь өөрчилж, эргэлт буцалтгүй мажоритар хувилбараар явахаас өөр аргагүй болгосон. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж байнга л ярьдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр ч цөөн санал дутаж, дэмжигдээгүй. Тиймээс ч тогтолцоог өөрчлөх хэрэгцээ, шаардлага нэгэнт бүрдсэн гэж хэлээд байгаа юм гэв.