Хүүхдүүд нэгнээ шоолж, инээлдэх, элдэвлэх нь байдаг л асуудал. Гэхдээ тийм зүйл байсаар ирсэн гэсэн байр сууринаас хандах нь энэ цаг үед хамгийн буруу гэдгийг олон улсын судлаачид онцолж байна. Хүмүүсийн ухамсар, ертөнцийг үзэх үзэл, хоорондын харилцаа, үнэт зүйл, үнэлэмж зэрэг нь өргөн хүрээнд гүн агуулгаар өөрчлөгдөн, илүү энэрэнгүй үзэл, хандлага тогтож байгаа өнөө үед сургуулийн орчинд дээрэлхэлт, гадуурхал гэсэн “жижиг” гэмт хэргийг байдаг л зүйл гээд өнгөрүүлэх нь дэндүү бүдүүлэг, хүнлэг бус явдал. ЮНЕСКО-гийн тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс болж хичээл завсардах, сурлагын чанар муудах, сэтгэцийн асуудалтай болох зэргээр бэрхшээлтэй тулгардаг аж. Жил бүр олон улсын түвшинд хийсэн судалгаандаа тулгуурлан тайлан гаргадаг тус байгууллагынхны мэдээлснээр өнгөрсөн онд манай улсын сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын олонх нь 14 настай байжээ. Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд хийсэн уг судалгаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 11-16 насны 1200 гаруй хүүхдийг хамруулсан юм байна.
Хүний эрхийн үндэсний комиссын 2017 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад 10 хүүхэд тутмын найм нь гэр бүл, сургуулийн орчинд ямар нэгэн хүчирхийлэлд өртөж, дээрэлхүүлдэг гэсэн дүн гарчээ.
Асуулгад хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй гэж үздэггүй, 38.3 хувь нь багш, нийгмийн ажилтан, дотуур байрны багш болон сургуулийн “атаман”-аас айдаг гэжээ. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг нь ахлах бүлгийн сурагчид (47.6 хувь) бол багш нар (15) удаах байрт жагсжээ. Сүүлийн үед сургууль болон дотуур байрны орчны аюулгүй байдалд анхаарч, хүүхэд хамгааллын бодлого, журам зэргийг боловсруулж, энэ чиглэлээр алхам хийж эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ үе тэнгийнхэн болон ахлах ангийн сурагчдын дарамт, дээрэлхэх явдлыг зогсоох тал дээр дорвитой нэг ч дүрэм журам, шийдвэр алга. Манай нийгмийн тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа нь сургуулийн орчинд нэгнийгээ дээрэлхэж, сэтгэцийн хүчирхийлэл үйлдэх гол нөхцөл болж байгааг илтгэх жишээ олон.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуульд энэ талаар тусад нь заалт оруулахгүй бол үе тэнгийнхнээ дээрэлхэж, гадуурхах “арга” улам нарийсаж байна. Үүнийг илтгэх ганц жишээ. Найзын маань 14 настай үеэл өндөр төлбөртэй, хувийн сургуульд сурдаг. Хэд хоногийн өмнө ангийнхаа найзын төрсөн өдөрт уригдаад бөөн баяр хөөр болсон тэрбээр аав, ээжээсээ “том” тоотой мөнгө нэхжээ. Төрсөн өдрийн эзэнд авч өгөх бэлгэндээ маш их ач холбогдол өгч, биелэгжүү загнасан түүнээс зарим зүйлийг асуухад “Би энэ жил ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт анх удаа уригдаж байгаа юм. Ер нь төрсөн өдрийн урилга авна гэдэг чинь бөөн “өрсөлдөөн” байхгүй юу. Тоохгүй нэгнээ урьдаггүй л гэсэн үг. Уригдаагүй нь ёстой муухай байдалд ордог. Тиймээс бэлгэндээ “сэтгэл” гаргахгүй бол болохгүй” хэмээсэн юм. Түүний ярианаас “бэлгээрээ бэл бэнчинтэй айлын хүүхэд гэдгээ” харуулдаг гэж ойлгов. Хэнд урилга өгөх вэ гэдэг нь ч бас л “өнгө мөнгөтэй” холбоотой юм даг уу даа. “Надад яагаад урилга өгсөнгүй вэ” гэж “жийгдсэн” хүүхдүүд бодож, сэтгэлээ чилээдэг юм байна. Өнгөц харахад энэ нь чинээлэг айлын хүүхдүүдийн “хийрхэл” мэт боловч үнэндээ үе тэнгийнхний гадуурхал, дээрэлхэлтийн том илрэл гэж нэгэн сэтгэл судлаач онцлов. Баяраа хэрхэн тэмдэглэсэн талаар хөөрөлдөж, шивэр авир хийх хүүхдүүдийн ярианд орох гэхээр “Чи ирээгүй байж дут. Яагаад уригдаагүй юм бэ, чи” зэргээр гоочилдог нь 14 настай нөгөөх хөвгүүний тодотгосноор “ёстой л муухай” санагдахаас биш яах билээ. Энэ насанд хүүхдүүд аливааг хамгийн эмзэг хүлээн авдаг болохыг олон улсын судлаачид онцолдог.
Дээрэлхэх олон хэлбэр бий. Тэр дундаас санаатайгаар гадуурхах буюу үгсэн бүлэглэж бойкотлох, буланд шахах, худал мэдээлэл тарааж гутаах, бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулах зэргийг мэргэжилтнүүд онцолжээ. Өсвөр насныхны түрэмгийллийн чиглэлээр мэргэшсэн, Оросын сэтгэл судлаач С.Кривцова “Дээрэлхэх хэлбэрүүдийн хамгийн аюултай нь бүлэглэн буланд шахах буюу бойкотлох” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр “Бусдыг дээрэлхэж, үргэлж өөрийгөө тэргүүн эгнээнд тавьдаг хүүхдүүдэд нарциссизм (биеэ хэт дөвийлгөх, эрх мэдлийг хүсэх сэтгэл зүйн эмгэг)-ын шинж тэмдгүүд илэрдэг” гэжээ. Анги хамт олондоо атаман хүүхдүүдийн амьдралд бүх зүйл тийм ч тэгш байдаггүйг тэрбээр мөн онцолжээ. Тодруулбал, ар гэртээ байнга ямар нэгэн асуудалтай, хүчирхийлэлтэй бол хүүхэд нэгнээ дээрэлхэх, ингэснээр тайвширч, сэтгэл санаагаа өргөх мэдрэмж авдаг. Энэ нь даамжирсаар зуршил болох нь түгээмэл гэсэн байна. Ингэж гэр бүлд нь өрнөдөг хүчирхийллийг ангидаа, сургуульдаа “авчрах” нь асар урхагтай. Ангийн сахилгагүй, дэггүй хөвгүүний талаар багш нь “Түүний аав, ээж үргэлж хэрүүлтэй байдаг болохоор хүү нь ийм байгаа юм. Эх нь хээр алаг бол...” гэхчлэн ярихыг өмнөх нийгмийн үеийн сурагчид олонтоо сонссон нь гарцаагүй. Өнөөдөр ч ингэж ярьдаг багш байсаар. Тэгвэл олон улсын судлаачдын зөвлөснөөр ийм хандлагыг нэн даруй халах ёстой.
Австрали, Финланд, БНСУ, ХБНГУ зэрэг олон орон сургуулийн орчинд дээрэлхэх, хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөтөлбөртэй аж. Хууль, хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд иргэд нь, боловсролын байгууллагынхан нь байнга хяналттай ажилладаг. Тиймдээ ч БНСУ-д үе тэнгийнхнийхээ хүчирхийлэлд өртсөн монгол охины “асуудал” Ерөнхийлөгчийнх нь түвшинд хүртэл “очиж” нийгмийг хөдөлгөсөн юм. Гэтэл бид, эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар өөрсдөө хүүхдэд бурууг сурталчилж, муу зүйлд уруу татаад байна.
Хавар хичээлийн жил шувтрах энэ үед Монголын бүх шатны боловсролын байгууллагуудын “баярын үе” эхэлдэг. Цэцэрлэгийн багачуудаас эхлээд сурагч, оюутан гээд алгасахгүй. Олон эцэг, эхийн ярьснаар төгсөлтийн баяр гэдэг зүйл нь сэтгэл зүйн дарамт, дээрэлхэлтийн сонгодог жишээ болдог байна. 12 дугаар анги төгсөж байгаа охиныхоо хамт олныг багштай нь хотоос зайдуу амралтын газарт амруулах санаачилга гаргасан нэгэн аавын хөлд “чирэгдэж” олон хүн халаасаа тэмтэрч байгаа сурагтай. Түүний охин ангийнхнаасаа “Танай аав, ээж бидэнд ямар бэлэг барих вэ” гэж асууж бусдыгаа бас эвгүй байдалд оруулж байгаа талаар сонсов. Энэ бол сэтгэл зүйн дарамт. Дарамт бол дээрэлхэлтийн бас нэгэн хэлбэр. Төгсөлтийн баяраар энэ мэтийн элдэв “өрсөлдөөний” дунд халаас нимгэн айлын хүүхдүүд хамгийн их сэтгэлээ шархлуулдаг байна.
Өсвөр насныхны хувьд өөрсдөө ч мэдэлгүй дээрэлхүү нэгнийхээ нөлөөнд автсан байдаг гэнэ. Тодруулбал, мөнгөтэй хүүхдийг дагах, дуурайх, үйлдэл, үгийг нь дэмжих, дэмжихгүй ч эсэргүүцэхгүй жишээтэй. Оросын эрүүгийн сэтгэл судлаач Виктор Лютых “Сургуулийн орчинд дээрэлхэх явдал нь өргөн хүрээ хамардаг. Тэр үйл явдлыг харсан гэрчүүд буюу хүүхдүүд дэмжиж, идэвхгүй хүлээн зөвшөөрч, эсвэл хайхрахгүй дүр эсгэдэг. Энэ нь өөрсдөө ч дээрэлхэгчийн золиос болох вий гэсэн айдастай нь холбоотой” гэжээ. Америкийн яруу найрагч, Пулитцерийн шагналт Ричард Эберхарт “Алуурчин, урвагчдаас бус, харин үл тэвчих байдлыг эс ойшоосноор аймшигт гэмт хэрэг гарах түлхэц болдог явдлаас айх ёстой” гэснийг Виктор Лютых онцлоод “Гэрчүүдийн” байр суурь нь дээрэлхэх явдлыг хөгжүүлэхэд маш чухал түлхэц болдог. Хэрэв ангийн олонх сурагч дээрэлхэх явдлыг эрс үгүйсгэх байр суурийг тодорхой бөгөөд итгэлтэйгээр баримталж чадвал ийм байдлыг зогсоох магадлалтай” гэснийг энд онцолъё. Өөрөөр хэлбэл, тухайн орчинд дээрэлхүү хүүхэд байгаа бол түүний үйлдлийг таслан зогсооход хамт олон, бусад сурагч, цаашлаад багш, сурган хүмүүжүүлэгчид хамтдаа нэгдмэл байр суурьтай байх ёстойг тэмдэглэсэн байна.
Монголын Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, мэргэжилтнүүд “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж” судалгаа хийжээ. Сурагч хүүхдүүд ялангуяа дунд, ахлах ангийнхан бусдыг гар утас, хувцаслалтаар нь ялгаварлах хандлага түгээмэл байдаг нь судалгааны явцад анзаарагджээ. Түүнчлэн өсвөр насны хүхдүүд зүс царай, биеийн галбир төрхөөр нь ялгавартай хандаж, дээрэлхдэг болохыг тогтоосон аж.
Сургуулийн орчинд ямар хүүхдүүд илүүтэй дээрэлхүүлдэг талаарх барууны мэргэжилтнүүдийн нэгэн судалгаа байна. Нэр, овог нь өвөрмөц, “эвгүй”, наснаасаа “хэтэрсэн” оюун ухаантай байх, хэт эцэнхий туранхай, эсвэл стандарт бус гадаад байдал, жирийн нэгнээсээ давсан “хачирхалтай” хобби, эдийн засгийн боломж тааруу буюу ядуу айлын хүүхэд гэхчлэн шалтгаанаас болж дээрэлхүүлж, үүний улмаас сэтгэлийн тамд ордог аж. Яг үүнтэй утга нэгтэй судалгааг Оросын судлаачид хийж, өсвөр насны 1500 гаруй хүүхдээс асуумж авчээ. Уг ажлын тайланд дурдсанаар сургуулийн орчинд дээрэлхэх явдал нь тухайн хүүхдийг амиа хорлох, эсвэл эсрэгээрээ бусдыг “давсан” ай-маар болоход нөлөөлдөг гэдгийг цагдаагийн байгууллагынхны олон жилийн судалгаагаар баталсан юм байна. Ингэж сэтгэцийн гэмтэл авсан хүүхдүүд ямар айхавтар болдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд Пермь, Улаан-Үд, Керч зэрэг хотод сургуулийн орчинд өдүүлсэн эмгэнэлт явдлууд гэрчилнэ. Хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн дээрэлхэх нь насан туршид нь сэтгэл, сэтгэцийн гэмтэлтэй болгодог асар урхагтай гэдгийг илтгэх энэ мэт жишээ дэлхийн хэмжээнд цөөнгүй бий. Тиймээс ийм явдлаас сэргийлэх нь хамгийн чухал болохыг олон улсад илүүтэй анхаарч эхлээд байна.
“Дээрэлхэх нь яагаад аюултай вэ гэсэн асуултад сэтгэл судлаачид “Ийм нөхцөлд өсвөр насны хүүхдэд тохиолдож болох хамгийн муу зүйл бол амиа хорлох явдал” гэж хариулжээ. Сүүлийн жилүүдэд амиа хорлох нь өсвөр насныхан дунд газар авсныг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр ирсэн. 15-29 насныхны цаг бус үхлийн тэргүүлэх шалтгааны дотор амиахорлох нь дөрөвт бичигдэх болжээ. Тиймээс сургуулийн орчинд дээрэлхэх явдлыг зогсоох тал дээр өдгөө дорвитой ярилцаж, гарц хайж, олон улсын жишгээс суралцахгүй бол энэ асуудал манайд бүр ужгирсан гэхэд хилсдэхгүй.
Сургууль, ажлын орчинд дээрэлхэх явдал байсаар ирсэн. Гэхдээ урьд өмнө нь аль ч улсад үүнийг төр, засгийн хэмжээнд чухалчилж, ард иргэдийг дээрэлхэхтэй, ялангуяа сургуулийн орчинд үүнтэй тэмцэхэд уриалж байсангүй. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудалд дэлхий нийтээрээ хандлагаа өөрчилж, анхаарах болов. Франц улс сургуулийн орчинд нэгнээ гадуурхан дээрэлхсэн тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор өнгөрсөн гуравдугаар сард хуульчиллаа. Үүний дагуу бүх шатны сургуульд нэгнээ дээрэлхсэн тохиолдолд гурав хүртэл жил хорих, 45 000 еврогоор торгуулах юм. Хэрэв хохирогчийг амиа хорлоход хүргэсэн бол 10 хүртэл жил хорих бөгөөд мөнгөн торгуулийн хэмжээ 150 000 евро байхаар хуульчилжээ. “Энэ бол хүүхдүүдийг шоронд явуулах тухай биш. Яллагдагчийн нас, түүний ойлголтыг харгалзан үздэг насанд хүрээгүй хүмүүсийн шүүхийн тогтолцоо гэж бий” хэмээн “Guardian” сонинд онцолсон байна. Ийм хуультай болсноор дээрэлхэх талаар олон нийтэд таниулах шинэ тогтолцоо бий болгоно гэж үзэж буй. “Дээрэлхэх нь ердийн зөрчил биш. Энэ бол хүн бүрийн хувьд онцгой бөгөөд маш ноцтой, хортой үзэгдэл” хэмээн С.Кривцова тэмдэглэжээ. Ирээдүй үеийнхнээ муу зүйлээс хол байлгах, зөв төлөвшүүлэхэд дэлхий нийт илүүтэй анхаарч, энэ талаар санаачилгууд гарган, хуульчилж байна. Жишээ нь, 2008 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдахыг хориглох хуулийг Шинэ Зеланд энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр “Өнөөгийн өсвөр насныхныг амьдралынхаа туршид тамхи татдаггүй хэвшилд сургах” том зорилтынхоо төлөө явж байна. Бид энэ бүхнээс суралцаж, хүүхдэд чиглэсэн бодлогоо тэтгэмж, тэтгэлэг төдийхнөөр хязгаарлахгүй, илүү далайцтай сэтгэхгүй бол дэлхийн хөгжлөөс хоцрох нь ээ. Сургалт, хөтөлбөрөө л жишиг болгоно, ийм тийм уралдаан, тэмцээнд оролцуулна гэж ярихаас хүүхдийн төлөвшлийг дэлхийн хэжээнд тавьж, энэрэнгүй болгох талаар ер нь ярьдаг бил үү. Сургуулийн орчныг “эрүүлжүүлэх”-ийн тулд дээрэлхэхийг гэмт хэрэгт тооцдоггүй юм гэхэд хариуцлага тооцдог болгох ёстой. Энэ бол зөвхөн сургуулийн хүрээнд сурагчдын талаарх асуудал биш, ирээдүйн иргэний хүмүүжил, төлөвшлийн “хувь заяа” юм
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ