Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2025 оны төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийг өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэв. Энэ үеэр өрийн асуудал анхаарал татаж, гишүүдийн зарим нь дараах байр суурийг илэрхийллээ.
Г.Занданшатар: -“Бондыг бондоор төлчихнө” гэж тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хэлэхэд бид шүүмжилж байсан. Гэтэл бондыг бондоор, өрийг өрөөр төлөн, “Цасан бөмбөг”-ийн онолоор явж байна. Цасан бөмбөг өнхөрсөөр томроод байдаг шиг өр нэмэгдсээр. Нийт өр, улсын өр, Засгийн газрын өр гэж ялгаж яриад байна. Эцсийн дүндээ тэр валют Монголоос гарна шүү дээ. Олон улсын аргачлалаар өрийг төсвийн, Сангийн яамны, Монголбанкны, төрийн өмчийн компаниудын, Засгийн газрын гээд ялгадаг болчихсон. Энэ бол өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулж буй хэрэг. Эцэст нь төсвийн алдагдлыг бууруулж, чөтгөрийн тойргоос бид гарахгүй, эрс шийдэмгий ажиллахгүй, үндэсний үйлдвэрлэл, экспортоо дэмжиж чадахгүй, өөрсдөө өөрчлөлт хийхгүй бол эрсдэл улам нэмэгдэнэ гэдгийг хатуу анхааруулж байна. Өр бол нам, бүлэг, эсвэл найз нөхдийн асуудал биш. Сайд нар гишүүдийн саналыг сонссонгүй. Сонгууль биш, эх орны хувь заяатай холбоотой асуудал энд яригдаж байна. Нийгмийн сүлжээнд байгаа хүмүүст таалагдаж, дэмжлэг авах биш, ирээдүй хойч үедээ баялгаа бүтнээр нь хүлээлгэн өгч, хараалгахгүйн тулд өрийн удирдлага, төсвийн алдагдал, өр, зээлийн бодлогоо уялдуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт нь хуваарилж, төсвөө хязгаарлая. Өр тавьж, халамж тараагаад, үндэсний үйлдвэрлэл, импортыг орлох үйлдвэрээ татаж унагадаг бодлогоос хэзээ салах вэ. Энэ бол эх орны эсрэг бодлого. Өнөөдөр ард түмэнд таалагдаж, алга ташуулахын
тулд өр тавьдгаа больё. Монголбанкны бодлого нэг л болохгүй байна. Төсөв, сангийн бодлого нь ч ахихгүй байна. 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33 тэрбум ам.долларын өртэй болжээ. Нийт улсын өр гэж хамаагүй ярьж байна. Үүнийг дотоодын зах зээлээс цуглуулж байж төлнө. Монголбанк ам.доллар хэвлэхгүй. Алт, зэс, нүүрсний орлогоор л өнөөдөр аргацааж байна.
Ц.Туваан: -Монгол Улсын Засгийн газрын нийт өр 8.5, Төвбанкных нь 2.5, бусад банкных 1.6, компани хоорондынх нь 12 тэрбум ам.долларт хүрээд байна. Бусад салбарынхан найман тэрбум ам.долларын зээлтэй. Үндсэндээ Монгол гэдэг “айл” 33.2 тэрбум ам.долларын өртэй болчихжээ. УИХ-ын даргын ярьж буйг дэмжиж байна. Энэ бол Монголын л өр. Түүнээс аль нэгэн компанийн өр гэж гадаадад ярихгүй. Эдгээрийг төгрөгт шилжүүлээд үзээрэй. Бид валютын ханшаа бодох хэрэгтэй. Тиймээс валют олдог салбар, хувийн хэвшлийнхнээ дэмжихээс өөр аргагүй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн жишиг үнээр борлуулах талаар ярих цаг болсон. Мөн өрөө нэмэгдүүлээд байгааг хэлэлцэх шаардлагатай. Энэ улсад дөнгөж мэндэлсэн хүүхэд ч 31 сая төгрөгийн өртэй байна.
Ц.Сандаг-Очир: -Эдгээр төслийг дэмжмээргүй байна. Төсвийн өрийн удирдлагыг хэн атгаж ирсэн юм бэ гэхээр эзэн, холбогдогч байхгүй. Үнэндээ энд сууж байгаа гишүүд та бид л үүнийг баталж байгаа шүү дээ. Бид улс орноо 33 тэрбум ам.долларын өртэй болгочихлоо. Хэн нэгэн санал, санаачилга гаргах ёстой бол одоо цаг нь ирсэн. Ядаж ирэх жил төсвийг алдагдалгүй байхаар оруулж ирэхийг Сангийн яам яамныхнаас хүсье. Өнгөрсөн 30 жилд ганц ч удаа алдагдалгүй төсөв баталж байгаагүй юм билээ. Төсөв болгоныг 1-2.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталж ирсэн. Энэ алдагдлаа зээлээр нөхдөг. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо гэсэн жалга довны үзлээ хойш тавиад, зардлаа нэг удаа тэвчиж, ард түмэндээ үнэнийг хэлээч ээ. Сонгууль бол дараагийн асуудал шүү. Улс орноо бодъё. Эдийн засгийн хямралтай энэ үед нэг удаа ч гэсэн хэрэггүй хөрөнгө оруулалт, зардлаа тэвчье. Улс орны эрх ашгийн төлөө хийж байгаа гэдгээ ард түмэнд хэлэх хэрэгтэй. Ингэж алдагдалгүй төсөв баталбал улс орны макро эдийн засаг сайжирч, өр, зээл буурч, төсвийн тэнцэл хангагдана. Алт, зэс, нүүрстэй тулдаа хойд хормойгоороо урдахаа нөхсөөр өнөөдрийг хүрлээ. Алт, зэс нэг л өдөр дуусна. Ийм улс орныг үр хойчдоо үлдээх гэж байгаадаа ичих хэрэгтэй. Энэ төслийг харахад, 2024-2025 онд ч бахь байдгаараа өртэй, зээл авсан хэвээрээ байх нь. Ийм учраас төсвийн шинэчлэлийг дорвитой хийх нь чухал. Төсөв батлахдаа улс эх орны эрх ашгаа бодож, ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл ашигтай байх тооцоо, судалгаа хийж оруулж ирэхгүй бол нөхцөл байдал амаргүй байна. Сонгуульд ялахын тулд заавал ингэж алдагдалтай төсөв баталж яадаг байна аа. Бидэнд мөнгө байхгүй биш, байгаа. Байгаа мөнгөө үр дүнтэй, зориулалтын зүйлд нь зарцуулахыг ард түмэн хүсэж байна.
Д.Тогтохсүрэн: -Өрийн менежментийн талаар олон гишүүн үг хэллээ. Өр Монголд төгрөгөөр тооцогдоно. Сүүлийн үед төгрөгийн ханш унаснаас болоод өрийн хэмжээ өндөр харагдаж байгаа. Энэ бол ханшийн зөрүүтэй холбоотой асуудал. Өрийн менежментдээ Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Үр дүн багатай зээлүүдээ бүгдийг нь зогсоож, менежментийнх нь талаар сайтар авч хэлэлцэх ёстой гэв.
Мөн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд нэр бүхий банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулах, эсэхийг ярилцсан. Гишүүд үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан ч Монголбанкны удирдлагыг хуралдаанд байлцуулах шаардлагатай гэж үзэн, өнөөдөр хэлэлцэхээр боллоо.
Түүнчлэн Н.Учрал нарын 22 гишүүний санаачлан, өргөн барьсан, эмийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах төслийг батлав. Тус түр хороо 2019 оны эхнээс 2022 оны гуравдугаар сарыг дуусталх хугацааны эмийн чанар, хуурамч болон стандарт бус үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар хяналт, шалгалт явуулах юм байна.
Үүнээс гадна Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан юм.