Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Петрочайна дачин Тамсаг” компанитай байгуулсан гэрээ болон газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл хийжээ. Үүнтэй холбогдуулж ажлын хэсэг байгуулан, ахлагчаар нь Шадар сайд, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын ахлагч С.Амарсайханыг томилсон байна. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаар ҮАБЗ-д танилцуулахаар болжээ. Үүнээс гадна газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх чиглэл өгсөн аж.
Энэ талаар мэдээлэл хийсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний олборлолт буурч байгаа нь хамгийн том асуудал болж буй. Учир нь бид газрын тосны үйлдвэр барихдаа “Петрочайна дачин Тамсаг” компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулан тооцоолсон. Үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байгаа энэ үед “Петрочайна дачин Тамсаг” компанийн олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх саналыг манай талаас удаа дараа урд хөршид тавьж ирсэн ч шийдэлд хүрээгүй. Энэ нь хоёр талын байр суурь маргаантай байдагтай холбоотой. Гэхдээ анх гэрээ байгуулж байх үеийн нөхцөл байдлаа эргэн санаж, үүнийг хийсэн, байгуулсан хүмүүсийг буруутгах аргагүй” хэмээн онцолсон.
Түүнчлэн энэ өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хаалттай сонссон юм.