УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо. Үүний хүрээнд Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавьдаг шаардлагыг аль болох хүндрэл, бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийхийг онцолсон. Иргэд жийнсэн болон спорт, чөлөөт хувцас, гуталтай орохыг хориглодог бөгөөд энэ нь ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулсан хэлэлцүүлгийн сэдэв болсон юм. Төрийн ордонтой иргэд танилцах журамд заасан хувцаслалтын шаардлагыг хөнгөвчлөх саналыг парламентын нэр бүхий гишүүдээс УИХ-ын удирдлагад хүргүүлсний дагуу тус уулзалтыг хийжээ. Тэд эл асуудлаар Засгийн газарт ч хандсан байна. Учир нь Төрийн ордны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмыг Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлага хамтран баталдаг аж.
Мөн Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгож, Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт чөлөөтэй нэвтэрч, зургаа авхуулдаг болгох нь зүйтэй гэж УИХ-ын дарга онцлов. Эдгээрийг тусгасан журам, тогтоолын төслийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.
Бэлтгэсэн: У.НАРАН