ХХААҮ-ийн сайд З.Мэндсайхан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг баасан гарагт хүлээн авч уулзжээ. Манай улс ноос, ноолуур, арьс, шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр Турктай хамтран ажиллах саналтай буйгаа сайд З.Мэндсайхан илэрхийлсэн байна. Мөн Турк улс нь малын вакцин үйлдвэрлэлээр туршлагатай учраас мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах удирдах хороог нэн даруй байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх санал тавьжээ. Бас Монгол, Туркийн хамтарсан мал аж ахуй, газар тариалангийн практик сургалтын төв байгуулах санал дэвшүүлсэн байна. Тэгвэл Элчин сайд Зафер Атеш дээрх саналуудыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд, ялангуяа сургалтын академи байгуулах, Монголоос Турк рүү мах нийлүүлэх, мөн тус улс руу гаргаж буй арьс, ширний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон ач холбогдол өгч байгаагаа дурджээ. Уг уулзалтын төгсгөлд Турк болон Монголын арьс, ширний салбарын аж ахуйн нэгжүүдийг хооронд нь шуурхай холбож өгөхөөр хоёр тал тохиролцов. Түүнчлэн хоёр улсын хамтарсан малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахад хууль, эрх зүйн хувьд дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ З.Мэндсайхан сайд илэрхийлжээ.
Ц.УНДРАЛ