Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүнг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд танилцуулжээ. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг сонгон шалгаруулсан байна. Тодруулбал, Оксфорд, Харвард, Стэнфорд, Йел, Кэмбриж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгохоор болжээ.